Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэн Гаагийн шүүгчээр 9 жил ажиллана

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 51 секунд

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган энэ сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж, тус чуулганаас Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орнуудын олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн гурван удаа нэр дэвшин өрсөлдөж байсан бол ийнхүү анх удаа сонгогдож байгаа бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 81 орны санал авсан байна.

Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн 6 нь 3 жил тутамд 9 жилийн хугацаатай сонгогддог. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 2023-2032 он хүртэл хэрэгжинэ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж, дэмжин ажилласан бөгөөд шүүгч Ц.Цогт Улсын дээд шүүхийг төлөөлөн ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.

Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын тогтоол 2002 оны 7 сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор уг байгууллага байгуулагдсан бөгөөд тус шүүх нь геноцид буюу аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай, байнгын үйл ажиллагаатай олон улсын эрүүгийн шүүх юм. Төв нь Нидерландын Хааг хотноо байрлан хуралдах боловч дэлхийн өнцөг булан бүрт очиж үйл ажиллагаа явуулж хуралдах боломжтой байдаг.

Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдоход өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэргийг харгалздаг байна.

ЦЕГ: “Смарт таун-2” хотхонд байр захиалсан 100 гаруй хохирогч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
ЦЕГ: “Смарт таун-2” хотхонд байр захиалсан 100 гаруй хохирогч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.