Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцэлд МАН ард түмэнтэйгээ хамт ялах учиртай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 21 секунд

Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр,

"Өлзий учрал төгс тохиосон арван тавдугаар жарны шарагчин тахиа жилийн хаврын тэргүүн цагаан барс сарын тариачин гахай өдөр буюу Европын он тооллын 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Нийслэл хүрээнд Монгол Ардын Намын хүй цөглөж, тухайн оны наймдугаар сарын 18-нд тэр үеийн Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуунд, одоогоор бол Булганы Гурванбулаг, Архангайн Хашаатын газар нутагт Монгол Ардын Намын анхны үүр байгуулагдсанаас хойш 103 жил улиран өнгөрч байна.

Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч, нийт ард түмэндээ Азийн цээжинд, энх цагийн хөрсөнд, тусгаар улсынхаа туган дор оршин буй өнөөгийн Монгол Улсыг сэргээн мандуулсан цогтой тэмцлийн бодит түүхт Эх орончдын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Нам байгуулагдаад тав зургаахан сарын дотор эрчимтэйгээр эмхрэн цэгцэрч, Ардын хувьсгалын их үйлсийг удирдан манлайлж, эх орныхоо тусгаар тогтнолыг даян дэлхийд тунхаглан зарласан түүхтэй.

Монгол Ардын Намын түүхийг нийг­мээсээ салган, зөвхөн нэг намын түүх хэмээн өрөөсгөл үзэх боломжгүй. Манай намын түүх Монгол Улсын, Монгол төрийн, нийт монголчуудын шинэ үеийн түүхийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

1921 оноос хойш Монгол Улсад хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга байгуулалт, зам тээвэр, харилцаа холбоо, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, улс төр-эрх зүйн салбаруудад бүрэлдсэн цоо шинэ тогтолцоо Монгол Ардын Намын удирдлага, хичээл зүтгэл, түүхэн шийдвэрүүдтэй салшгүй холбоотой юм.

Монгол Ардын Нам 1924 оноос хойш бодлого, үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн үзэл санааны дагуу зохицуулж ирсэн. Түүний хамт Монгол Улсын удаа дараагийн Үндсэн хуулиуд тухайн цаг бүрдээ Монгол Ардын Намын утга дараалсан мөрийн хөтөлбөрүүдтэй нягт уялдаж байв.

Энэ цагаас хойш нэгэн зууны дараа, ардчиллын идэр насанд Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаа хийж, тусгаар тогтнолын 100 жил, ардчилсан шилжилтийн 30 жилийг бодитоор дүгнэж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн, дараагийн 100 жилийг “Хөгжил дэвшлийн зуун” хэмээн тодотгосон билээ.

Монгол Улсын алсын хараа холч бөгөөд хөгжил дэвшлийн нэгэн зуун бидний өмнө тод гэрэлтэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Ардын Нам, Засгийн газар дэвшүүлсэн хөгжлийн бодлого, шударга ёсны тэмцлээ эрчимжүүлж, гагцхүү илүү хүчирхэг, ардчилсан Монгол Улсыг цогцлоохын төлөө хичээн зүтгэсээр ирлээ.

Бид цаашид хүний эрхийг дээдэлж, аливаа хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, авлига албан тушаалын гэмт хэргийн эсрэг бүх нийтээрээ хатуу тэмцэж байж л улс оронд шударга ёс бүрэн тогтож, хөгжил дэвшилд хаалгаа нээх болно. Энэ тэмцэлд Монгол Ардын Нам ард түмэнтэйгээ хамтдаа ялах учиртай.

Өнгөрсөн түүхийн бүхий л хугацаанд Монгол Улс, ард түмэн маань дайн байлдааны аюулыг ч, цаг агаарын хатуу сорилт бэрхшээлийг ч ажралгүй даван туулсаар ирсэн. Байгалийн болон нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдалд бидний өвөг дээдэс өвдөг сөхөрч байсангүй. Бидний соёлын өв үүнийг батлан харуулдаг.

Байгалийн гамшиг тохиолдож, зуд турхан нүүрлэсэн энэ хүнд цаг үед Монгол Ардын Нам, Засгийн газар, ард түмэн, малчид, хувийн хэвшлүүд нэгдэж, тулгарсан бэрхшээлийг хохирол багатай, хамтдаа даван туулахын төлөө бүх хүч, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Өвөл, хаврын хахир хатууг амжилттай давж, урин цагтай золгохын төлөө хамтран ажиллахыг Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна.

Монгол Ардын Нам, Засгийн газар эх орончдынхоо түүхийг нэр төртэйгөөр үргэлжлүүлж, дараагийн он жилүүдэд Монгол Улсын шинэ сэргэлтийг бодит болгохын төлөө хичээн зүтгэсээр байх болно.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн сэтгэлээ зориулсан эх оронч баатрууддаа мэхийн хүндэтгэе!

Тусгаар тогтнолын гал өнө мөнхөд бадарч, туурга тусгаар эх орон минь улам бүр хөгжин цэцэглэх болтугай" гэжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, шинэ 30 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нь та бидний хамтын үүрэг хариуцлага билээ
Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, шинэ 30 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нь та бидний хамтын үүрэг хариуцлага билээ
 
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.