Нийтийн тээврийн жолооч нарын төлөөлөл цалин нэмж, нийгмийн хангамжийг сайжруулах, чиглэлийн маршрутыг бодлогын түвшинд сайжруулж өгөхийг шаардаж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон бусад төлөөлөгчдөд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр "Трансбус" ХХК-ийн жолооч Э.Бат-Орших байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр,
"Хотын дарга Х.Нямбаатар энэ оны нэгдүгээр сард багтааж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ гээд орон даяар мэдээлсэн. Нэгдүгээр сарыг харлаа, байдаггүй. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан "Хотын дарга бид хоёр жолооч нарын цалинг нэмэхээр ярилцаад, тохирч байна" гэсэн. Одоо хоёрдугаар сар дуусах гэж байна.
Би нэг л зүйлийг хэлье. Та өглөө 04:00 цагт босно. 05:00 цаг гэхэд ажлын байр буюу автобааз дээрээ очиж, автобусаа халаана. 30 минут автобусаа халаасны дараа эцсийн буудлууд руугаа хөдөлнө. Учир нь шугам, замд 06:20 цагт гарах ёстой. Мөн цайны цаг гээд 20 минут бий.
Оргил ачааллын цагаар цайны газарт 20 минут хоол идэж чадах уу гэдгийг дарга нараас асуумаар байна. Бид хоол идэхгүй, уугаад гарч байгаа шүү. Жолооч нар 3-4 цагийн нойртой явдаг учраас кофе, цай, энергийн ундаагаар хүчээр бие эрхтнээ сэргээдэг байдалтай олон жилийг өнгөрүүллээ.
Үүнээс болж гарах ослууд ч их бий. Ийм хүнд нөхцөлд ажилладаг жолооч нар гар дээрээ 1.2-1.3 сая төгрөгийн цалин авч байна" гэлээ.