Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл,Алтанбулаг сумдад ажиллаж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өөр аргагүй байна. Зургаан бүсийн чиглэлд шуурхай бүлэг гарч ажиллаж байна. Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд гэж гарсан. Төв аймгийн зарим сум шилэн зудтай байна. Ялангуяа,
Урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө зогсолтгүй олон хоног цас орсон. Одоо бол мөсөн зудтай болчихсон Эрдэнэсант сумаас манай бүлгийн ажил эхэлсэн. Нийт зургаан сум байгаа учраас манай бүлэг хоёр хэсэгт хуваагдаж малчдын хотонд шуурхай тусламж үзүүлэхээр ажиллаж байна.
Аймаг, сумын төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид бүхий л боломжоороо сайн ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэсант сумыг тойрсон цасанд хаагдсан магестрал 1500 км замыг нээсэн.
Харамсалтай нь тасралтгүй үргэлжилж байгаа шуурганаас болж хоёр хоногийн дараа өнөөх нээсэн зам буцаад хаагдчихаад байна. Тиймээс малчдад шаардлагатай эрүүл мэнд, өвс тэжээл болон бусад үйлчилгээг үзүүлэх, зэрлэг ан амьтдад ч өвс тэжээл хүргэх хэрэгтэй байна. Өнөөдөр малчдад нэн шаардлагатай тусламж нь хаагдсан зам, давааг нээх.
Тиймээс сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, шатахуун олгож, зарим сумын ШТС-дад тавьсан өрийг тэгэллээ.
Дархан-Уул аймгаас тусламжаар хоёр ковш авчирч малчдын өвөлжөө рүү зам гаргуулахаар болсон. Мөн хивэг, тэжээл өвсийг малчдынд хүргүүлж байна гэдгийг хэлээд нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя" гэж уриаллаа.