ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажилласан бөгөөд тус аймгийн Улаан-Уул сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцжээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг судалж, тусгахаар Комисс ажиллаж буй.
Уг ажилтай холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод нийцсэн эсэхэд дүн шинжилгээ хийж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн, олон улсын байгууллагаас санхүүжилттэй зарим байгууллагад хяналт шалгалт зохион байгуулан хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм.
Уг асуудлаар Улаан-Уул сумын Засаг дарга, нийгмийн халамж хариуцсан ажилтан, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл цуглуулж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллав.
Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй "царцсан". Энэ нь хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх утгатай гомдол, мэдээлэл Комисст ирсэн байна.
Дээрх гомдол, мэдээллийн дагуу сургуулийн барилгын ажил зогссон шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тодруулах хүрээнд шаардлагатай баримт материалыг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа ба уулзалтын үеэр сургуулийн багш, ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт таван барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 870 хүүхэд суралцдаг.
"Хяналт шалгалтын явцад,
- Сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй,
- Сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг,
- Сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна.
Цаашид Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр хэлсэн юм" гэж ХЭҮК-оос мэдээллээ.