Ард түмнийг төлөөлж, УИХ-д сууж буй гишүүд чуулганы хуралдаанд суух гэж "ГУРИЛДДАГ" болов. Санал хураалтын дэлгэц дээр ирц хүрсэн мэт харагддаг ч бодит байдал дээр хуралдаа суухгүй байна. Өөрөөр хэлбэл, ирц бүртгэлийн картаа уншуулчхаад, өрөөндөө орчихно. Кофе, цай эргүүлээд алга болчихно.
Чуулган завсарлах үед танхимаас "гарын таван хуруу"-нд багтах төдий гишүүд гарч ирдэг. Бусад нь чуулгандаа суудаггүй гэсэн үг. Зарим нь нууц хаалгаараа хэвлэлийнхнээс "ЗУГТДАГ".
Өнөөдөр үдээс "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байсан. Гэвч Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан ирээгүй байсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар болов.
Ингээд дуудуулсны эцэст Б.Дэлгэрсайхан сайд ирсэн боловч гишүүдийн ирц хүрсэнгүй. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу "45 гишүүний ирцтэй" тохиолдолд хэлэлцүүлэг эхлэх журамтай. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд ирээгүй сайд, гишүүдээ олж ирэхийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт үүрэг болголоо.
Нэгэн үе гишүүд ирээгүй нэгнийхээ өмнөөс "кноп" дарж, санал хураалтыг "будилаан"-туулдаг байсан. Энэ мэт булхайгаа нуухын тулд сэтгүүлч, зураглаачдыг чуулганы танхим руу оруулахаа больсон. Иймд гишүүдийн суудлыг нийтэд ил харуулж, ирцэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.