Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг тун удахгүй шүүхээр орж шийдвэрлэгдэх хугацаа ойртож байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрдэнэтийн 49 хувь, Дархан төмөрлөг, Хөтөлийн цемент шохой гэсэн гурван хэрэгтэй холбоотой сонгол болох талаар энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр яригдах гэж байгаа аж.
Хэрвээ сонсгол явагдвал уг хэргүүдтэй холбоотой нийт 30 орчим хүний нэрс ил яригдаж, тухайн үед болсон үйл процесс болон яагаад гэмт хэрэг гэж үзээд байгаа талаар олон нийт дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох юм. Үүнд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нэлээн олон хүний асуудал яригдах ба үүнээс урьтаж улс төрийн хүрээнд багагүй хөдөлгөөнд орсон гэх мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан одоо АН-ын нарийн бичгийн даргын ажиллаж буй Ч.Өнөрбаяр хэвлэлээр дамжуулж одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, мөн түүний баруун гар гэгддэг Х.Нямбаатар нарыг багагүй шүүмжилээд авсан нь үүнтэй холбоотой улс төрийн үйл явц гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. Тэрбээр, өчигдөр гэхэд л "Ерөнхий сайд шүүх рүү дайрлаа" гэх агуулгаар мэдээлэл хийгээд амжсан билээ.
Хэрвээ Эрдэнэт тэргүүтэй улсын үйлдвэрүүдийг хувьчилж авахдаа асуудал гаргасан, хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол "Эрдэнэтийн 49"-ийн хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд багагүй хохирол амсах нь ойлгомжтой. Тиймээс ойрын өдрүүдэд уг сонсголыг явуулахгүй байх, олон нийтийн анхаарлыг өөр чиглэлд хандуулах гэх зэрэг багагүй улс төрийн акц явагдах бололтой.