Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн цахим орчин дахь аюул ямар хэлбэртэй вэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 20 секунд

Хуурамч хаягаар насанд хүрээгүй охидтой танилцан, зураг бичлэгээр нь заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан этгээдийг олж тогтоосон талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Тэгвэл хүүхдийн цахим орчин дахь аюул ямар хэлбэртэй байдаг талаар ЦЕГ-ын ХМТ-өөс хүргэж байна.

БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ:

Зарим судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД УРУУ ТАТАХ:

Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Олон Улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охидууд хохирогч болох хандлагатай байдаг.

ДЭЭРЭЛХЭХ, ДАРАМТЛАХ:

Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессежээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томьёолсон байна.

ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭКСТРИМ ҮЗЭЛ, ИНТЕРНЭТ ТОГЛООМ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ:

Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомын агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна.

Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. Энэ талаар хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ:

Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликейшнууд “in-app purchase” ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликейшнуудад хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

1. Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах.

2. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

3. Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох

4. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

5. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.

6. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах

7. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч хаягаар насанд хүрээгүй охидтой танилцан, зураг бичлэгээр нь заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан этгээдийг ОЛЖЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч хаягаар насанд хүрээгүй охидтой танилцан, зураг бичлэгээр нь заналхийлж бэлгийн харьцаанд ордог байсан этгээдийг ОЛЖЭЭ
 
С.Тулга:  Монгол түмний бахархлын төлөө багшаар нь цүнх болон ус ундаа зөөлгөчихгүй дээ. Даан ч маш харамсалтай
С.Тулга: Монгол түмний бахархлын төлөө багшаар нь цүнх болон ус ундаа зөөлгөчихгүй дээ. Даан ч маш харамсалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.