Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: 24 цагийн цэцэрлэгт суралцдаг хүүхдүүд шөнө унтахдаа ЭЦЭГ, ЭХЭЭ САНАН ГИНШИЖ уйлах тохиолдол их гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 18 секунд

Олон Улсад 24 цагийн цэцэрлэгт хүүхэд хүмүүжих нь эцэг, эхтэйгээ хамт байх цаг хомс болдог учраас хүүхдийн эрхийг хааж байна гэж үздэг байна. Харин манай улсын мэргэжилтнүүд 24 цагийн цэцэрлэгт хүүхэд хамрагдах нь нэг талаараа хүүхдийн эрхийг хамгаалж буй хэлбэр хэмээдэг. Учир нь манай улсын 24 цагийн цэцэрлэгт хамрагддаг ихэнх хүүхдийн ар гэрийн байдал хүнд. Тиймээс аливаа аюул, осолд өртөх, гэртээ ганцаараа үлдэх зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Бага нас гэдэг олон зүйлийг бодох сөхөөгүй гэгээлэг, жаргалаар бялхаж өнгөрөөх ёстой нас. Гэвч бяцхан зүрхэндээ ахадсан зовлонг тээж явдаг хүүхдүүд ч бишгүй олон болжээ. Тэдний хувьд цагийг жаргалтай өнгөрөөх боломжтой ганц газар нь цэцэрлэг.

UBN.mn сайт Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгт очиж, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд, багш нарын бодит байдлыг сурвалжиллаа.

28 дугаар цэцэрлэгийн үүдээр ороход багадаа идэж өссөн будаатай сүү, кашны танил үнэр хамар цоргино. Толь болтол өнгөлсөн шалан дээр урт гэгч нь улаан хивс зулж, үрчийтэл нь мушгисан нарийн цагаан алчуурыг гол хэсэгт нь байршуулсан цэмцгэр, нам гүмхэн орчин угтсан юм. Учир нь хүүхдүүдийн өдрийн унтлагын цаг болж байгаа нь энэ.

Бид 28 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар арга зүйч Ц.Даваажаргалаас цөөн зүйлийг тодрууллаа.

Арга зүйч Ц.Даваажаргал

- Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран асран хамгаалагчгүй, НЭН ЯДУУ өрхийн хүүхдийг бүртгэн авдаг-.

"Манай цэцэрлэг 1936 онд байгуулагдсан. Хан-Уул дүүргийн 1-25 дугаар хорооны амьжиргааны түвшин доогуур өрх буюу өрх толгойлсон эцэг, эх, нэн ядуу зорилтод бүлгийн хүүхдүүдийг 24 цагаар авч сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил 5 бүлгийн 150 хүүхэд суралцаж байна. Одоогоор 24 багш, сурган хүмүүжүүлэгчтэй. Нэг ангид 5 багш ажилладаг.

24 цагийн цэцэрлэгт хүүхдүүд 1 дэх өдрийн өглөө ирээд 5 дахь өдрийн орой гэртээ харьдгаараа энгийн цэцэрлэгээс ялгаатай. Хүүхэд тухайн 5 хоногийн хугацаанд бие нь өвдвөл асран хамгаалагчтай нь яаралтай холбоо барих үе гарна. Хүүхдийн бие өвдөх үед манай цэцэрлэгийн эмч нар 24 цагаар ажиллаж туслалцаа үзүүлдэг.

Бид Хан-Уул дүүргийн нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран ажилладаг. 24 цагийн цэцэрлэгт явах шаардлагатай гэж үзсэн хүүхдийг бүртгэн авдаг. Жишээ нь, тухайн хүүхэд харах хүнгүй, амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхэд байна гэдгийг тодорхойлсноор манай цэцэрлэгт элсэх боломжтой гэсэн үг" гэв.

Нэг бүлэгт 3 туслах багш хуваарилагддаг бөгөөд ээлжлэн хүүхдүүдтэй хонодог байна. Бид бэлтгэл бүлгийн туслах багштай ярилцлаа.

"24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүдэд ЭЦЭГ, ЭХИЙН ХАЛАМЖ, ХАЙР дутагдаж унтахдаа гиншиж уйлах тохиолдол маш их гардаг"

"Би боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна. Сүүлийн 4 жил 24 цагийн цэцэрлэгт ажилласан. Манай анги 35 хүүхэдтэй. Ихэнх нь асран хамгаалагчгүй болсон, нэн ядуу өрхийн хүүхдүүд суралцаж байна.

Мэдээж бага насны хүүхэд учраас 5 хоног цэцэрлэгт байхдаа аав ээжийгээ санах үе байдаг. Бид нар чинь ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж байгаа хүмүүс. Шөнө унтахдаа гиншиж уйлах тохиолдол маш их гарна. "Унтаарай" гээд тэврэх үед намайг ээжийгээ гэж бодоод тайвширдаг. Хүүхдүүд хамгийн түрүүнд ээжийгээ л эрж хайдаг. Манай анги бэлтгэл бүлэг учраас өөрийгөө илэрхийлэх чадвар сайн. Өдөр бүр "Багшаа би ээжийгээ санаад байна" гээд л надтай ярилцдаг юм. Энэ үед хүүхдийн ар гэртэй нь холбогдвол ээж, аавыгаа улам л нэхдэг. Тиймээс маш чухал үед л утсаар яриулна.

Зарим тохиолдолд яаралтай асран хамгаалагчтай нь холбоо барих гэхээр утсаа авдаггүй. Өөр асуудалтай байна гэх үе маш их тохиолдоно. Тиймээс бид нар аль болох л эцэг, эхийг нь орлохыг хичээдэг. Өмнө нь хэлсэнчлэн манай цэцэрлэгийн хүүхдүүдийн ар гэр зорилтод бүлгийн өрх, асран хамгаалах хүнгүй хүүхдүүд байдаг учраас тэр болгон эцэг, эх нь гээд хүн холбоо бариад уулзах боломжгүй байдаг.

24 цагийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдэд эцэг эхийн хайр маш их дутагдаж байна уу даа гэж хардаг. Эцэг, эхчүүд хариуцлагатай байх нь чухал. Бага насны хүүхдүүдэд ээжийн хайр халамж, аавын энэрэл, хамгаалал шаардлагатай байна.

Манай хүүхдүүд багш нартайгаа ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тиймээс 5 дахь өдрийн орой багшдаа дасах, тэврэх, уйлах тохиолдол гардаг. Би хүртэл явах гэж байгаа хүүхдүүдээ хараад нулимс цийлэгнэдэг юм" гэв.

Дунд бүлгийн үндсэн багш А.Чимгээ

"Хэрэв таны хүүхэд 24 цагийн цэцэрлэгт суралцдаг бол амралтын өдрөөр хүүхдэдээ заавал ЗАВ ГАРГА"

"Би 25 жил 24 цагийн цэцэрлэгийн багш хийж байна. Энэ хугацаанд олон л зүйлтэй тулгарч байлаа. Одоо хамгийн анхны төгсөгчийн маань 3 хүүхэд манай цэцэрлэгт байдаг юм. Хүүхдүүдтэй ажиллах сайхан шүү дээ. Дээр үед бол 24 цагийн цэцэрлэгт явж буй хүүхдүүдийн ар гэрийнхний анхаарал маш сул байсан. Одоо бүх зүйл хөгжөөд харьцангуй анхаарал сайн болсон гэж боддог. Гол нь эцэг, эхчүүд амралтын өдрөөр хүүхдэдээ заавал цаг, зав гаргах хэрэгтэй. Хүүхдэд анхаарал халамж тавихаа хэзээ ч битгий хойшлуул" хэмээлээ.

Бид үргэлжлүүлэн ахлах бүлгийн сэргэлэн шар хүүгээс "Цэцэрлэгт явах яг юу нь гоё санагддаг вэ, Гэрээ санадаг уу?" гэж асуухад цог бадарсан нүднийх нь харц доош гундан "Цэцэрлэгт явах хамгийн гоё. Яагаад гэвэл гэртээ ганцаараа байх уйтгартай, муухай байдаг" гэж хариулсан юм. Үргэлжлүүлэн цэцэрлэгтээ юу сурсан талаар нь асуухад сэргэлэн хүү хамгийн чанга дуугаар сурсан дуугаа дуулж эхэллээ. Түүнийг сонссон ангийнхан нь нэгэн зэрэг дуугаар дуулж бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Хүүхдүүдтэй ярилцах үед алаг нүднийх нь аяганд нулимс дүүрээд ирэх үед л эцэг, эхийн хариуцлагагүй байдал бяцхан хүүхдүүдэд яаж нөлөөлдөгийг бодитоор харсан юм. Гэхдээ хүүхдүүдийн эцэг эхээ санасан сэтгэлийг сэдрээхгүйн үүднээс сурвалжилгаа энэ хүрээд өндөрлүүлсэн нь энэ.

Тэд гэнэн, цагаахан, томоогүй харагддаг хэдий ч бүгдийг сэтгэлдээ тээж явдаг. Тэд санадаг, гомддог, шархалдаг бас хамгийн үнэнчээр хайрладаг. Ганцхан дутагддаг зүйл нь гэр бүлийн ХАЙР...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ард түмэн улстөрчдийн хэн нь жүжиж, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг таньдаг болсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ард түмэн улстөрчдийн хэн нь жүжиж, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг таньдаг болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.