Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КАНВОНООР АЯЛЪЯ 2: Агуй дотор “аялал“ бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 52 секунд

Чимээ анир алдарсан далайн эрэг. Далайн давлагааны чимээ өглөөний нартай хоршиж яг л уран зураг мэт харагдах аж. Ийм дүр зургийг харангаа өглөөг эхлүүлэв. Учир нь Канвонд бид далайн эргийн яг дэргэд нь байрлах St. John’s зочид буудалд байрласан юм. Өндөр зэрэглэлийн зочид буудал тул үйлчлүүлэгчдийнхээ амрах ая тухаас гадна мэдрэмжээр нь "амраах"-ыг чухалчилсан нь энэ аж.

Урьд шөнө буудлын эргэн тойрныг ажихдаа шөнийн далай ямар харагдах бол гэдэг бодолдоо автан тийш алхав. Буудлын урд хэсэгт байрлах үйлчилгээний газруудыг өнгөрөөд 10 алхахад л далайд хүрч очно. Шөнийн далай. Түүнийг "үзэсгэлэнтэй" болгож буй зүйл нь далайн эрэгт суунгаа ярилцаж, тоглож наадаж буй хосууд, гэр бүлүүд шиг санагдав. Салют буудуулж ч харагдана. Харин өглөө босоход урьд шөнө үзэсгэлэнтэйгээр нүдэнд буусан тэрхүү далайг өрөөнийхөө цонхоор ширтсээр өнөөдрийнхөө аялалдаа бэлдэж байна.

St. John's Hotel, Gangneung – Updated 2023 Prices
St. John’s hotel

Бид Канвоны аяллын турш энэ буудалд байрлана. Тиймээс Канвонд ирэхдээ St. John’s буудалд буудаллахаар сонирхож буй хүмүүст мэдээлэл өгье хэмээн бодов. Тус зочид буудал нь 1000 гаруй зочны өрөө, люкс, улирлын чанартай хязгааргүй усан сан, хүлээн авалтын байгууламж, ресторантай. Хамгийн гол нь хосууд энэ байршилд маш их дуртай учраас тус буудлыг ихээр зорин ирдэг аж.

Харин одоо өнөөдрийн аяллаа эхлүүлцгээе. Харин мартсан бол өчигдрийн аяллаа багахан сануулья. Уншигч танд ирэх оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Канвон мужид болох "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын үеэр ирвэл тус мужид үзэж харах боломжтой аяллын газруудыг санал болгож буй. Өмнөх нийтлэлээр үзэсгэлэнт Сеороксан ууланд байрлах нэг дор 70 хүн суух боломжтой, 700 орчим метр үргэлжлэх дүүжин цахилгаан шатанд сууж, алжаал тайлах халуун рашаантай The N resort-д зочилж, BTS хамтлагийн Better дууны зураг авалт болсон хэсэгтэй танилцсан билээ.

Энэхүү аяллыг БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй бөгөөд Сөүл-Канвон чиглэлийн таван өдрийн танилцах аялалын хөтөлбөрийг бидэнд бэлджээ. Аяллын хөтөлбөр маршрутыг хамгийн төгс байхаар зохион байгуулдаг нь тэдний давуу тал.

Энэ хэрээрээ аяллын багийнхны маань уур амьсгал тун гоё. Харин өвлийн олимпийн үеэр аяллын хөтөлбөр гаргавал уншигч та аяллын багт нь багтахад "онох" зүйл ихтэй шүү.

-Агуй дотор "аялал" бий-

Аяллын хөтөлбөртэй танилцах үеэс анхаарлыг минь татсан газарт ирэв. Энэ бол Хуансон агуй. Агуйд хүрэх зам тун сонирхолтой. Уулын бэл хүртэл алхах бөгөөд замдаа жижиг худалдаа эрхлэгчидтэй таарна. Байгалийн үзэсгэлэнг нэг дор цогцолсон гэж хэлнэ. Алхаж явахад аялагчид хоорондоо элдвийг ярилцахаас илүүтэй дэргэдүүр нь урсах гол, модод дундаас дуугарах шувуудын чимээнд автана. Байгаль өөрөө тайвшралыг мэдрүүлэгч аж. Тиймдээ ч эндхийн хүн амын наслалт урт байдаг аж.

Хуансон агуйд хүрэхээр алхах...

Харин бид бэлд хүрч очсон хойноо агуйд хүрэх monoreal буюу цахилгаан дүүжин шатанд сууна. 402 метр орчим газарт үргэлжилнэ.

Хуансон агуйд хүрэх monoreal

Ийнхүү бид Хуансон агуйд ирэв. Агуйд дөхөж очсон даруйд сэрүүхэн салхи угтана. Аялагчид ихээр зорьж ирдэг гэдэг нь илт. Агуй дотор орж бид дахин аялалд гарлаа. Энд тэнд тусах шаргал гэрлүүд, уртаас урт үргэлжлэх хоёр талдаа хашилттай төмөр шат биднийг угтав. Хамгийн сонирхолтой нь агуйн гол хэсэг хүртэл 3.3 километр замаар бид ийнхүү алхана. Буцахдаа мөн адил 3 орчим километр. Гэхдээ ирснээсээ өөр хэсгээр агуйтай танилцана. Энд байгалийн өөрийнх нь тогтоц аялагчдад гүн сэтгэгдэл төрүүлэх аж. Агуйн өвөрмөц хэсгүүд рүү шаргал гэрлүүдийг тусгаж тодотгосон байх юм.

Хуансон агуй /доторх/

Бидний алхаж буй шатны хажуугаар жижиг хүрхрээ урсах бөгөөд энэ чимээ хаа нэг сонстох шувуудын чимээтэй хослох аж. Агуй дотор 98 хувийн чийгшилтэй бөгөөд 14 градус байгааг харуулах хянах самбарууд ч энэ тэндгүй бий. Хааяа нэг толгой дээрээс ус дусах аж. Агуйд хийсэн аяллын туршид яаж ингэж бүтээн байгуулсан юм бол гэх бодолдоо би дийлдэж явлаа. Чусоны үед энэ агуйг тэмдэглэсэн байдаг бөгөөд сүүлд 1970 онд бүтээн байгуулалт хийгдэж иргэдэд нээлттэй болсон гэнэ. Байгалийн дотоод үзэсгэлэн гэдэг нь л энэ байх.

Хуансон агуй /дотор/

-Моторт завинд сууж, далайн эргээр дугуйтай аялах нь-

Моторт завь дээрх аялал эхлэхийн өмнө..

Хуансон агуйн өндөр чийгшил, агаарт "цохиулсан" аяллын багийнхан маань дараагийн маршрут руугаа явахдаа нойронд автаж орхижээ. Хэсэгхэн нойр аваад дараагийн аяллын газартаа бид ирлээ.

Далайд моторт завинд суух. Моторт завины жолооч түүний бяцхан хүү биднийг угтан авав. Моторт завинд нэг удаадаа 3-4 хүн суух боломжтой. Жолооч ах хүү аялагчдад үйлчилж сурсан туршлагатай нэгэн болов уу гэмээр. Жолоочийн туршлага нь түүний хийж буй огцом эргэлтүүдээс харагдана. Тэрбээр цоглог дуу хангинуулсаар эргээс нэлээн хол очиж зогсоод аялагчдыг зургаа татуулахыг санал болгоод зураг дарж өгөх юм.

15-20 орчим минут моторт завиар аялаад бид эрэгт буцаж очсон хойноо далайн эргээр жаал алхцгаав. Харин буцаж цугласан хойноо моторт завинд суусан хэсгийн яг дэргэд нь төмөр замын дугуйтай аялал хийх боломжтой. Хоёулаа аль эсвэл дөрвүүлээ суух боломжтой дугуйгаар төмөр зам мэт хэсгээр жийнэ. Ийнхүү энэ хэсэгт очвол моторт завинд сууж басхүү далайн эргээрх төмөр замын дугуйтай аялалд гарч болно.

Далайн эргээрх төмөр замын дугуйтай аялал

-Аяллын "амтлагч"-

Аяллын "амтлагч" нь юу гэж бодож байна. Магадгүй энэ асуултад хүн бүр өөрөөр хариулах байх. Гэхдээ миний энэ удаагийн аяллын "амтлагч" нь мэдээж зоогууд. Өдөр бүр Солонгосын ард түмний үндэсний өөр өөрийн өвөрмөц жор шингэсэн хоолыг амтлах мөч. Энэ мөч аяллын амтыг эрхгүй мэдрүүлэх аж. Харин өнөөдрийн зоог юу байх бол. Өнөөдрийн аяллын зоог бол хатаасан загасны мах бас самгёбсал. Солонгос үндэстний хоолыг эх оронд нь амтална гэдэг илүү амттай басхүү сонирхолтой аж. Аяллын багийнхан маань өдөржин аяласан хэр алжааж ядарсан зүйлгүйгээр хоолоо амтархан идэж байна.

Энэ зууртаа солонгосын ард түмний хоолны соёлыг магтан ярьцгааж, яриандаа "хачир" нэмцгээнэ. Өдөржин инээлдэж, хөгжилдсөн аяллын багийнхан маань оройн хоолноос гараад St. John’s зочид буудлын зүг явж байна.

Маргаашийн аялалдаа бушуухан шиг гарцгаах хүсэлдээ бид автаж орхилоо. Одоо харин өрөө өрөө лүүгээ МАРШ,,,

Өмнөх нийтлэлийг энд дарж унших боломжтой

М.Баярмагнай: Би архинаас татгалзаад удаж байна. Ядраад унтаж байхад бичлэг хийсэн
М.Баярмагнай: Би архинаас татгалзаад удаж байна. Ядраад унтаж байхад бичлэг хийсэн
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.