Өнгөрөгч онд Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн эгнээ автозамын хоёр эгнээг нь дуусгаж, хөдөлгөөнийг эхлүүлсэн. Харин үлдсэн хоёр эгнээ замын ажлыг энэ оны аравдугаар сар гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ хэмээн ЗТХЯ-наас мэдээлж байсан. Тэгвэл замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлжээ.
Тэрбээр "Дарханы замын ажил 79 хувийн гүйцэтгэлтэй байна. ЗТХЯ-наас ирүүлсэн Дарханы замын ажлын гүйцэтгэлийн явцыг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар АХБ-ны санхүүжилттэй эхний урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 87.9%-тай байгаа бөгөөд суурь хучилтууд үндсэндээ дуусч өнгө хучилтууд хийгдэж байна. Уг урсгалын 3 багцын барилгын ажил үндсэндээ дуусаж, хөдөлгөөнийг нээсэн.
Харин хоёрдугаар урсгалын 5 багцын нийт гүйцэтгэл 70.3% болсон нь сарын өмнөх тайлангаас 6 хувиар ахисан үзүүлэлт бол хоцрогдол нь 27.6%-тай байна. Өнгө асфальт хучилт, хашлага суурилуулалт, цутгалтын ажлууд тус тус хийгдэж байна.
Талбайд нийтдээ 856 хүн хүч, 398 техник байршин ажиллаж байна. Хүйтрэх гээд байдаг, барилгын ажил хийх ганц сар үлдсэн байдаг. ЗТХЯ-ны нөхдүүдээ" гэв.