Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.
Тухайлбал, БСШУ-ны дэд сайд асан, АН-ын гишүүн Б.Ургамалцэцэг нь АНУ-ын Брижпортын их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт дүнгээр 29,870 ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Б.Ургамалцэцэг өөрөө дэд сайдаар нь ажиллаж байжээ.
Харин түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, Б.Ургамалцэцэгийн 43 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.