Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн байна.
2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарсан байна.
Үндсэн хуулийн 21.3. МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУНЫ СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ЭНЭ ХУУЛИЙН 15.1.1-Д ЗААСНЫ ДАГУУ ЗАСГИЙН ГАЗРААС БАТАЛСАН ДҮРМЭЭР ЗОХИЦУУЛНА гэсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.
Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны 05 сард багтаан хийхээр болсон байна. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүсэх аж.
Өмнөх хуулинд ямар морьд уралдахыг тодорхой, нарийн зохицуулаагүй байсан аж. Зөвхөн насны ангиллаар уралдана гэж байснаас үүдэн Үндэсний их баяр наадамд цэвэр цусны импортын адуу уралдаж, түрүүлж байсан гэдгийг Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо тодотгон хэллээ.
Үндэсний их баяр наадамд монгол адуу уралдахыг хуульчилсан байдаг. Тодруулбал, Хуулийн 10.1. ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУНЫ СТАНДАРТАД НИЙЦСЭН МОРИЙГ АЗАРГА, ИХ НАС, СОЁОЛОН, ХЯЗААЛАН, ШҮДЛЭН, ДААГА ГЭСЭН ЗУРГААН НАСНЫ АНГИЛЛААР ЗОХИОН БАЙГУУЛНА гэж тодорхой заасан байдаг.
Дашрамд дурдахад, Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны зүгээс өнгөрсөн жилийн наадмын үеэр хурдан морь тайлбарлагчид болон баяр наадам зохион байгуулах хороо, албаны хүмүүс хуулийн зохицуулалтыг 2025 он хүртэл сэрвээ хэмжихээр болсон гэх ташаа мэдээлэл өгч байсан. Гэвч 2025 он хүртэл сэрвээ хэмжинэ гэсэн хуулинд болон дүрэмд заасан зүйл огт байхгүй юм.
Харин хуулийн 21.4.Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд АДУУН СҮРГИЙГ 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх адууг 2025 оны 06 дугаар сарын 01-ны дотор бүртгүүлсэн байх ёстой.
Хуулийн төсөлд бүртгэлтэй холбоотой хоёр ойлголт байна. Энэ нь өнгөрсөн жилээс хэрэгжих эхлэх байсан уралдах морьдыг урьдчилж бүртгэлжүүлэх, үүнийг хууль батлагдсан өдрөөс л хэрэгжүүлэх ёстой гэсэн бол хоёрдахь нь адуун сүрэг буюу Монгол Улсын бүх адууг бүртгэлжүүлэх юм. Үүнийг 2025 оноос өмнө уг ажлыг дууссан байх ёстой гэдгийг тодотголоо.
2019 оноос хойш Үндэсний их баяр наадамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн Газрын 57 тоот тогтоол 2019 оны 01 дугаар сарын 20-ны өдөр гарсан. 2019 оноос 2022 оны 06 сар хүртэлх хугацаанд бүтэн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулагдаж, цуцлагдаж, хасагдаж, ажлын хэсгийг санаатайгаар тараах, шинээр эхэлсэн зэрэг тулгамдсан олон асуудал байсан ч ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ 2022 оны 06 сарын 28-ны өдөр УИХ-аар баталсан байна.