Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэх талаар тодруулсан юм.
Үүнд тэрбээр, "Ковидын хүнд жилүүдэд төсвийн боломждоо баригдаж, жил бүр уялдуулж нэмэгддэг байсан цалин болон тэтгэвэр, тэтгэмж тэр бүр нэмэгдээгүй. Цалин бол яах аргагүй хоцроод байгаа юм.
Гэхдээ цалингийн хувьд хэмжээнээс илүү бодлогын зохицуулалт хийх нь хамгийн чухал байна. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд салбар болгон өөр, өөрсдийнхөө цалинг салбар хуулиндаа оруулаад нэмэгдүүлэх уралдааныг бий болгочихсон. Өөрөөр хэлбэл ХНХЯ төсвийн бодлогоор дамжуулж, нэгдсэн төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Тиймээс үүнийг хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн алба хаагчдын цалингийн бодлогыг ХНХЯ цаашид тогтвортой авч явах өөрчлөлтийг хийх нь хамгийн чухал байна.
Тиймээс энэ жил төсвийн орлоготой уялдуулж тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэж хэлэх нь эрт байна" гэсэн юм.