Өнөөдөр /2023.04.20/ Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр. Харин өчигдөрхөн түүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар хууль хяналтын байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тус хэргийн талаар болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд улс төрчид болон хуульчид юу хэлж байгааг сонирхуулья.
-ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж: Энэ хоёрыг хэлмэгдэж байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан юм. Тэр үед хүний эрх ярьж байхгүй яасан юм-
Улаан цагаан л гэмгүй хүмүүсийг хүний амь захиалгаар хөнөөсөн гээд л гүтгэчихсэн. Захиалагч байхгүй мөртлөө захиалгаар хөнөөсөн гээд ялласан. Би дарангуйлал, хүн хэлмэгдүүлэх хоёрыг үзэн яддаг хүн. Монголын төр хохирлыг нь нөхөн төлөх ёстой. Бүтэн зургаан жил энэ хоёр хүнийг тамалсан. Хэрэг нь задарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хоёрыг хэлмэгдэж байхад АН эрх барьж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан юм. Тэр үед хүний эрх ярьж байхгүй яасан юм. Нүдээ аниад л аваачаад хийчихсэн шүү дээ. Хэлмэгдүүлэлт гэдэг юм энэ зүйлээс эхэлдэг юм. Би улс төрд зоргоороо явж ирсэн хүн. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйлийг нутагшуулах гэж явсан. Гэтэл одоо АН-ыг хар. Ийм нам байдаг юм уу. Би АН-ынханд "Энэ зөвхөн танай намын асуудал биш. Монголын асуудал шүү" гэж зөндөө анхааруулсан.
-Хуульч О.Алтангэрэл: Эрүүдэн шүүсэн гэдэг ч хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй-
С.Зориг агсны хэрэг үндсэндээ гурван шатны шүүхээр орж, эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг. Энэ хэргийг шүүхэд олон шүүгч оролцсон. Гэтэл шийдвэрлэгдсэн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож байгаа нь хэр итгэл үнэмшил төрүүлэхээр асуудал вэ гэдгийг харах нь зөв. Анхан шатны гурав, давж заалдах гурав, хяналтын тав гээд нийт 11 шүүгчийн шийдсэн хэрэг шүү дээ. Дараагийн удаад анхаарал татаж буй зүйл нь тус хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна вэ гэдэг асуудал. Хэрэв эрүүдэн шүүсэн гэж байгаа бол энэ нь өөрөө хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Та бүхэн санаж байгаа бол, хэргийн оролцогч, мөрдөж байсан хүмүүс нь удаа дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа эрүүдэн шүүсэн гэдгээс тусдаа өөр нотлох баримтууд байгаа гэдэг зүйлийг ярьж байсан. Түүнийг яаж үгүйсгэж байна вэ гэдэг анхаарал татаж байна. Мөн захиалагчийн зарлана гэж байсан. Одоо тэгвэл захиалагч хаана байна вэ гэдэг дээр эргэлзээ төрж байна. Хүмүүсийн анзаарахгүй байгаа өөр нэг асуудал бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь хэргийг цаашид мөрдөн шалгахгүй болж байна гэсэн үг. Харин хүнийг гэм буруугүйг нь тогтоовол цагаатгах тогтоол гардаг. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийг гэм буруугүй гэж үзэж байгаа бол шүүхээр орж цагаатгах ёстой.
-УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг улс төрийн зорилготой бол ҮАБЗ-ийн тэргүүн хяналтдаа байлгах ёстой
Нэг л үнэн байгаа. Яагаад энэ хэргийг олон нийтэд ил болгодоггүй юм. Хоёрдугаарт, би дам сонсож байсан юм. Тухайн үед 3-4 цагийн гүйцэтгэх ажиллагааны бичлэг байдаг гэж дуулсан. Хэрэв ийм бичлэг байдаг бол үзэх хэрэгтэй. Ил гаргах хэрэгтэй. Энэ хэрэг улс төрийн зорилготой юу, ахуйн зорилготой юу. Улс төрийн зорилготой бол ҮАБЗ-ийн тэргүүн хяналтдаа байлгах ёстой. Тухайн үед Н.Багабанди ҮАБЗ-ийн тэргүүн байхад энэ хэрэг гарсан. Дараагаар нь энэ хэргийг шалгаж байсан цагдаа нь УИХ-ын гишүүн болсон. Түүнчлэн нэр бүхий өмгөөлөгч нар Ерөнхий прокурор, УДШ-ийн шүүгч болсон. Дараагаар ҮАБЗ-ийн тэргүүн нь Н.Энхбаяр болсон. Энэ хэргийг төрийн нууцаас гаргах хэрэгтэй.