ЭЦА-наас өнөөдөр мэдээлэл хийв. Ингэхдээ "Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл /Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 601 /Захиргааны хяналт тавих/-т заасны дагуу тогтмол хяналт тогтоон ажиллаж байна.
Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан.
Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдтэй цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.
2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар захиргааны хяналтыг 699 этгээдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна" гэлээ.
Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, хохирсон иргэн аж, ахуй нэгж байгууллагууд цагдаагийн байгууллагын 102, Эрүүгийн цагдаагийн албаны 51262425 дугаарын утас руу холбогдон мэдээ, мэдээлэл өгч хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чандлан хадгална гэжээ.