ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид ЭЕШ-ийн шалгалт өгөхдөө химийн хичээлийн түлхүү сонгодог төдийгүй ирээдүйн эмч, химичид болохоор гүнзгийрүүлэн судалдаг. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд Химийн олимпиадыг өчигдөр /2023.04.11/ СХД-ийн 122 дугаар сургуульд зохион байгууллаа.
Энэхүү олимпиад нь химийн хичээлтэй холбогдуулж байгаагаас гадна сурагчдад угаарын хийн эрсдэл болон учирч болзошгүй аюулын талаар багахан ч болов ойлголт өгөх зорилготой аж.
СХД, 122 дугаар сургууль,
Хаврын намуухан салхитай өдөр. Сургуулийнхаа гадаа хичээл нь тарсан бяцхан сурагчид бөмбөг тоглон гэртээ харихаа үл анзаарна. Харин сургуулийн урлагийн зааланд химийн олимпиаддаа оролцсон сурагчид АХА тэмцээнд оролцож байв.
UBN.mn сайтын сурвалжлах баг 122 дугаар сургуульд очиход АХА тэмцээн эхэлж байсан бөгөөд сурагчид химийн хичээлтэй холбогдох асуултууд болон сэтгэн бодох хийгээд бусад асуултуудад хариулж байв.
Тус олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 22 ЕБС-ийн 12 дугаар ангийн нийт 98 сурагч оролцсон бөгөөд олимпиадын дүнг хүлээх зууртаа АХА тэмцээнд оролцсон нь энэ байж.
Төд удалгүй сурагчид ээлж дараалан асуултад бүдэрсээр АХА тэмцээний ялагчаар СХД-ийн 12 дугаар ангийн сурагч н.Мөнгөн-Оньсого түрүүлсэн юм.
Бид энэхүү олимпиадын талаар "Тавантолгой Түлш" ХХК-ийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодномоос тодруулахад,
Энэхүү олимпиадаар дамжуулан хүүхдүүдэд угаарын хийн эрсдэл болон химийн шинжлэх ухааны талаар танин мэдүүлэхийг зорьсон
Тэрбээр, "Монгол Улсын засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай тогтоол гарснаас хойш өнөөдөр таван жилийн нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсийг хориглон, шахмал түлшний үйлдвэр байгуулаад цаашлаад "Тавантолгой Түлш" ХХК үүсгэн байгуулагдаад таван жил болсон байна. Энэ хугацаанд утааг 50 орчим хувиар бууруулсан гэх мэргэжлийн байгууллагуудын статистик мэдээлэл гарсан.
Харин "Тавантолгой Түлш" ХХК яагаад таван жилийнхээ ойн хүрээнд СХД-ийн ЕБС-иудыг сонгон төгсөх ангийн сурагчид буюу 12 дугаар ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг зохион байгуулж байгаа вэ гэвэл, СХД нь манай байгууллагын хамгийн том хэрэглэгч. Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн олон борлуулалтын цэг ажилладаг. Тиймээс энэ дүүрэгт угаарын хийн эрсдэл өндөр байж болзошгүй гэсэн үг юм. Тийм ч учраас бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ угаарын хийн эрсдэл гэж юу вэ мөн химийн шинжлэх ухаан яг юуг судалдаг вэ гэдгийг ойлгуулах зорилгоор энэхүү арга хэмжээг, нөлөөллийн ажлыг зохион байгуулж буй юм" гэв.
Олимпиадад
- Нэгдүгээр байрт орсон хүүхэд Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
- Хоёрдугаар байрт орсон хүүхэд, Өргөмжлөл 1,000,000 төгрөг
- Гуравдугаар байрт орсон хүүхэд, Өргөмжлөл 500,000 төгрөг
- Тусгай байрт шалгарсан гурван сурагчид Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр тус, тус шагнасан юм.
Харин уг олимпиад болсон 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн,
Химийн хичээлээр ЭЕШ өгөх сурагчдад 800 оноо авах итгэл өгөх олимпиад болж байна
"Энэхүү олимпиад нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. "Тавантолгой Түлш" ХХК ивээн тэтгэж, таван жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ юм. Анхны олимпиад болоод ч тэр үү СХД-ийн 22 сургуулийн төгсөх ангийн сурагчид маань маш идэвхтэй оролцож байна.
Түүнээс гадна энэхүү олимпиад нь ЭЕШ-ийг химийн хичээлээр сонгон өгөх сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Жил бүр манай дүүргээс 300 гаруй хүүхэд энэ хичээлийг сонгож ЭЕШ өгдөг. Гэвч 800 оноо авдаг хүүхэд тун цөөн байдаг. Тиймээс өнөөдрийн олимпиад нь ЭЕШ-ийг бэлтгэх хийгээд сурагчдад маань ЭЕШ-аа амжилттай оролцох, цаашлаад 800 оноо авах итгэлийг олгож буй олимпиад юм.
Мөн сурагчдад нүүрс гэж юу болох. Нүүрсний элемент ямар байдаг. Нүүрсийг хэрэглэснээр эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй мөн ач холбогдол нь юу вэ гэх зэрэг маш олон талын ач холбогдолтой мэдлэг, мэдээлэл олгох түүнээс гадна сорил болж буйгаараа онцлогтой. Цаашид энэхүү олимпиадыг жил бүр уламжлал болгон хоёр байгууллага хамтран зохион байгуулна" гэлээ.
Энэ жил "Тавантолгой Түлш" ХХК-ийн таван жилийн ой тохиож байгаа бол СХД-ийн 122 дугаар сургуулийн 10 жилийн ой ч мөн давхцаж буй аж.
Сурагчид олимпиадынхаа дүнг тэвчээртэй хүлээ. Бас айдас, догдлол ч мэдрэгдэж байв. Энэ хугацаанд сурагчдыг тайвшруулах гэсэн үү эсвэл сэтгэлийн дэм өгөх гэсэн үү "Тавантолгой Түлш" ХХК-ийн ажилтан морин хуурын ая тоглон сурагчдад бэлэг барив.
Харин үүний дараа хүүхдүүдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ. Хамгийн сайхан нь дүнгээ сонсоод тайвшрах ч бас урам хугарах мэдрэмж ч хүүхдүүдэд төрж байх нь илт. Тэгвэл олимпиадын шилдгүүдээр,
- Нэгдүгээр байрт, Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Цэрэннадмид /534 оноо/
- Хоёрдугаар байрт, Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Д.Оргил /524 оноо/
- Гуравдугаар байрт, 153 дугаар сургуулийн 12а ангийн сурагч П.Булганзаяа /456 оноо/
- Тусгай байрт, Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Болор /434 оноо/
- Тусгай байрт, Тольт сургуулийн 12б ангийн сурагч О.Болд /414 оноо/
- Тусгай байрт Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Т.Энхзул нар /411 оноо/ тус, тус шалгарч шагналаа гардан авлаа.
Бид Нэгдүгээр байрт орсон СХД-ийн Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмидаас сэтгэгдлийг нь сонсоход, "Маш их баяртай байна. Анх удаагаа химийн олимпиадад оролцож, нэгдүгээр байр эзэлж байна. Өмнө нь өөр олимпиадуудад оролцдог байсан. Тиймээс сэтгэл өндөр байна. Мөн химийн хичээлээр ЭЕШ өгөх гэж байгаа учраас маш их урам авлаа" гэсэн юм.
Харин Хоёрдугаар байрт орсон СХД-ийн Өнөр цогцолбор сургуулийн сурагч Д.Оргил, "Бид хоёр нэг ангид хамт суралцдаг. Эхний хоёр байрт шалгарсандаа маш их баяртай байна. Ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй. Тиймээс химийн хичээлийг сонгон судалж байгаа" хэмээв.
Мөн Гуравдугаар байрт шалгарсан 153 дугаар сургуулийн 12а ангийн сурагч П.Булганзаяа "Сэтгэгдэл өндөр байна. Гэхдээ маш их хүлээлттэй байсан ч түүнийгээ хангалттай давж чадсангүй. Мөн олимпиадын асуултууд, тестүүд нь хичээлийн агуулгатай байсан учраас ойлгомжтой, хийхэд дөхөм санагдсан. Мөн ЭЕШ-ийн өмнөх оны материалууд дээр орсон адил асуултууд байсан тул энэ нь их анхаарал татсан. Олимпиадад оролцохынхоо хажуугаар ЭЕШ-ийн шалгалтад ч бэлтгэж буй мэт санагдсан" гэлээ.
Ийнхүү "Тавантолгой Түлш" ХХК болон 122 дугаар сургуулиас зохион байгуулсан химийн олимпиад өндөрлөв. Монголчууд бид "Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг" хэмээн хошигнон ярьдаг ч үнэхээр л тэмцээн уралдаан учир аль нэг нь түрүүлэх нь үнэн. Ийм ч учраас сурагчид нэг өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлж, химийн хичээлийн онцлог хийгээд ирээдүйд химийн чиглэлээр ажиллах, шилдэг боловсон хүчин болохдоо ч бэлтгэж буй томоохон арга хэмжээ болсон юм.