Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат (2023.02.15) Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд өнөөдөр (2023.02.16) хүлээлгэн өглөө. Тайланг хүлээн авахдаа, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авч байна. Бид тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах зөвлөмжийг боловсруулах ажилдаа орж байна гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тайланг хүлээн авсантайгаа холбогдуулах Зөвлөлдөх зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн Д.Моондой, Л.Төр-Од, О.Мөнхсайхан, мөн Зөвлөлдөх санал асуулгад оролцож, саналаа өгсөн иргэдийн болон ажиглагчдын төлөөлөл, Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт нар оролцлоо. Доктор Б.Отгонтөгс Зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны санал асуулгын нийт мэдээлэл, тайланг хүлээн авч байна. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэсэн Зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд өргөн барина гэсэн юм.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондой, хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан хэмээлээ. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Л.Төр-Од зөвлөлдөх санал асуулгын эрх зүйн талаар зарим тайлбарыг хийж, Үндэсний статистикийн газраас Зөвлөлдөх зөвлөлд, санал асуулгуудын дүнгээс гадна үйл ажиллагааны тайланг хүлээлгэн өгөх бөгөөд хуулийн дагуу Зөвлөлдөх уулзалтын хэсгийн хэлэлцүүлгүүд буюу нийт 54 хэсгийн оролцогчид асуудлуудаа хэлэлцэж байгаа бүрэн тэмдэглэлийг олон нийтэд ил болгох үүрэгтэйг тайлбарлав.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцсон Баянхонгор аймгийн төвийн сумын Рашаант багийн иргэн Ш.Чимэгээ, санамсаргүй түүврийн сонголт гэдэгт хүмүүс эргэлзээд байна, үүнд би тайлбар өгье. Би Ардчилсан намын гишүүн, орон нутгаасаа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад настнууд гээд олон бүлгийн хүмүүсийг төлөөлөн ирж Зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс маш их мэдлэг, мэдээлэл авсны үндсэн дээр асуудлыг гүн гүнзгий тунгааж, ирээдүйгээ бодож саналаа өгч байна гэсэн юм.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баттунгалаг, Зөвлөлдөх уулзалтыг нягт нямбай, хүн бүрийг нэгийг ч орхигдуулалгүй, сайн зохион байгууллаа. Иргэд бидний өгсөн санал ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн манай хэсгийнхэн хэзээний төрийн хүмүүс шиг маш идэвхтэйгээр асуудлаа хэлэлцсэн хэмээн ярив.