ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслол өнөөдөр /2020.5.27/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.
Тус арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, “Айргийн нутгаар” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тайванжаргал, Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан нарт гардуулан өгөв.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр ээлжит чуулган Бүгд Найрамдах Колумби Улсын нийслэл Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргасан билээ.
Тус өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-ийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод 2005 онд нэгдэн орсноос хойш 2008-2019 оны хооронд нийт 15 өвийг яаралтай хамгаалах болон төлөөллийн жагсаалтад бүртгүүлж, эдгээр өвүүдийг хадгалан хамгаалах нэр хүндтэй үүргийг хүлээгээд байна.
Арга хэмжээний нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Ковид-19 цар тахлаас улбаалан батламж гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулах нь тухайн өв болон түүний үнэ цэнийг ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үйл явцыг удаашруулна хэмээн үзэж энэхүү ёслолын арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж буйг онцлов.
Мөн бидний монголчуудын олон мянган жилийн турш өвлөн уламжилж хадгалж ирсэн өв уламжлалаа хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал болохыг цохон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам