Консул асан Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр саатуулсан юм.
Харин 30 хоногоос өмнө буюу өчигдөр түүнийг сулласан. Энэ талаар шүүхээс "2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн 1902009520278 дугаартай хэргийн яллагдагч Д.М-н өмгөөлөгч Л.Баттогтох, М.Чинзориг, А.Зүмбэрэл нараас “яллагдагч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт ирүүлснийг хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/960 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Д.М-д “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан.
Гэвч өнөөгийн байдлаар яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу тэрээр энэ хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, нуун далдлах, цаашид оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой онцгой нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн.
Ийм учраас яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, яллагдагчийн ар гэрийн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс өөрчилж, өөр төрлийн буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.