Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэхээр тунхагласан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 700 гаруй сурагч оролцсон “Girls Council” үйл ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа.
Сурагч охидын төлөөлөл өөрсдөө энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах санаачилга гаргасныг НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл дэмжиж, Нийслэлийн Боловсролын Газар хамтран сурагч охидын чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын ирээдүй болсон бүх охиддоо Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Охидын зөвлөлтэй болох санаачилгыг эмэгтэй төлөөлөгчид бид 100 хувийн саналаар нэгдэн дэмжиж байна. Ирээдүй хойч болсон охидынхоо дуу хоолойг дэмжиж, шийдвэр гаргах түвшинд ямагт тусган хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэсэн юм.
“Girls Council” үйл ажиллагаанд оролцогчид энэхүү үйл ажилллагаа нь охидын дуу хоолойг нийгэмд хүргэх, жендэрийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, өөрсдийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, шийдвэр гаргах түвшинд танилцуулах, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой болж байна гэж дүгнэж байна. Арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Охидын Зөвлөлийг байгуулж цаашид үйл ажиллагааны хүрээнд дэмжиж ажиллахаар болжээ.