Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэг шийдвэр гаргасан. Жижиг Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж байна. Энэ уул уурхайн компанийн 51 хувь нь орон нутгийн өмчлөлд, хувийн өмчлөлд 49 хувь нь шилжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд ажиллаж байгаа компани байна. Гэтэл энэ хугацаанд Монголын төр, нийт ард түмэнд өнөөдрийг хүртэл үр өгөөж нь орж ирээгүй байна.
Энэ компанид нэлээдгүй асуудал үүсч байгаа тул ЗГ-аас БЭТ томилж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь 6 сарын хугацаанд ажиллана. БҮТ-өөр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг хавсран гүйцэтгүүлэхээр томилж байна. Өнөөдөр Шадар сайдаар ахлуулсан баг очиж, ажлыг нь хүлээлцүүлнэ" гэлээ.