Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: АН-ын хэсэг бүлэг хүмүүс С.Баярцогт дээр төвлөрөөд ажиллаж байх шиг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Ирэх сард АН-ын ҮБХ хуралдаж, намын нэгдэл, нэг даргатай байх асуудлыг тодорхойлох гэж байна. ҮБХ-ны хуралдаанаар намын нэгдлийн асуудлаа шийдэж чадах уу?

-ҮБХ-оор нэг асуудлыг шийдэх ёстой нь намын их хурлаа зарлах явдал. Намын их хурлаар намын даргаа сонгох ёстой. Тиймээс ҮБХ-оор намын их хурлыг зарлахад тэр нь чадамжтай байх уу, үгүй юу гэдэг нь чухал. Мөн их хурлаар сонгосон намын даргын нэрийг Улсын Дээд Шүүх бүртгэж авах уу, үгүй юу гэдэг нь бүр чухал асуудал. ҮБХ-ны хуралдах санаачлагыг бол дэмжиж байгаа. Мэдээж энэ нь намын үүсгэн байгуулагчаасаа салах оролдлого.

ҮБХ намын их хурлаа хуралдуулаад нэг даргаа сонгоод Дээд Шүүх рүү явуулчихдаг. Нөгөө ҮБХ нь бас нэг намын хурал зарлаад намын даргаа сонгоод араас нь бичиг явуулдаг. Х.Баттулгын нам нь бас дахиад намын их хурлаа хуралдуулаад араас нь бичиг явуулчихдаг. Ингээд гурван бичиг явуулчихаар Дээд Шүүх үүнийг гайхаж байгаа юм.

-Өнөөдөр бүлэг чинь нэгдлийн лоозонтой уриалга гаргачихлаа. Өмнө нь яагаад нээлттэй, байж болоогүй юм бэ. ҮБХ хуралдах сургаар төвийг сахиж, эвсэнэ, хамтрана гэдэг асуудлыг бүлгийн дарга О.Цогтгэрэл ярьж байна. Өнгөрсөн хугацаанд бүлэг УИХ дахь сөрөг хүчний үүргээ яагаад биелүүлж ажиллаагүй юм бэ гэдэг шүүмжлэл бий?

-Эхлээд бүлэг сайн сөрөг хүчин байх ёстой байна. Сөрөг хүчний ажлаа сайн хийх юм бол тэр бүлгийг тойроод манай намын гишүүд цугларна. Гэтэл бүлэг тийм хэмжээний сөрөг хүчнийхээ ажлыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Тиймээс бүлэг өөрөө чадавхтай байж хүмүүсийн эв нэгдлийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Улсын Дээд шүүх рүү гурван талаас бичиг шидэлцэж, намын даргад яригдаад байгаа хүмүүсийг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-С.Эрдэнэ чинь их дураараа хүн. Х.Баттулгын талаас хэн очихыг мэдэхгүй. Гэхдээ зөвхөн хувийн тоглолттой хүн байж таараа. Нөгөө хэсэг бүлэг хүмүүс С.Баярцогт дээр төвлөрөөд ажиллаж байх шиг байна.

Х.Нямбаатар: Казиногийн хуулийг энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна
Х.Нямбаатар: Казиногийн хуулийг энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.