Энэ сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхоны ойролцоо болсон осол маш олон хардлага, сэрдлэгийг араасаа дагуулж байна. Тодруулбал, тус машинд мөргүүлсэн охин ханатай нидрүүлж, багагүй зайнд чирүүлсэн байтал дүгнэлт хөнгөн гарсан зэрэг нь олны хүний эргэлзээг төрүүлж байгаа юм.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр жолоо барьж явсан иргэн М-ыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн талаар иргэн Э.Энхзориг мэдээлэл өгөв. Тэрбээр "Уг хэрэгтэй холбоотой мэдээллийг ХЗДХЯ-наас үнэн зөвөөр мэдээлэхийг хүсэж байна. Бага насны хүүхдэд хүнд гэмтэл учруулсан хэрэг шүү дээ. Тиймээс энэ хэрэг мартагдах, ямар нэгэн албан тушаалтан хэрэгт нөлөөлөх вий гэж иргэд хардаж байна. Ослын бичлэг нүд халтирам байхад "Хөл нь зулгарсан" гэж зүйл ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй.
Тухайн үед осолд орсон долоон машины эзэд яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байна вэ. Гайхмаар. Осолд өртсөн гэх "Приус-41 марк"-ийн машины эзэн дунд гарын "Лексус" жип авсан талаар нэгэн иргэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр осолд холбоотой хүмүүсийн хохирлыг барагдуулж, дуугүй байлгаж байна уу гэх хардлагыг төрүүлж байна" гэлээ.
Сануулахад, уг осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд эд материалын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөг гэж тогтоогджээ. Мөн хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдээлэл бий.