“Nomadia Pictures” болон “Гэгээн Эгшигт Тэнгэр” ТББ, “Жаалхүү Фильм”, “Эрхэс Энтертайнмэнт”, “Terminal Records”-ийн хамтын бүтээл “Үнэр” ОАК 08 сарын 26-аас эхлээд үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тус цуврал нь нийт 10 ангитай бөгөөд уг киноны Ерөнхий Найруулагч Л.Таванбаярын “Үнэр” туужаас сэдэвлэн Г.Тунгалаг кино зохиол болгон бичсэнээр ийнхүү дэлгэцийн бүтээл болжээ.
Тус киноны продюсероор ажиллан, гол дүрийг бүтээсэн УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Г.Амгаланбаатар "Манай киноны хамт олон Монголын дэлгэцийн урлагийн салбарт, тэр дундаа теле цувралын төрлийг ахисан түвшинд хүргэн, үзэгчдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээг үүсгэдэг хайр сэтгэлийн сэдвийг сэдвийг сонгон авч, түүнийг тойрсон гэгээн ариун, сүүдэртэй бараан үнэнийг уран сайхны аргаар хүргэхийг зорилоо. Мөн бид энэхүү 10 ангит цувралдаа эрч хүчтэй, авьяаслаг залуу уран бүтээлчдийг нэгтгэн ажилласан нь, үргэлж ховор соргог зүйлсийг эрэлхийлж, хүсэн хүлээж байдаг үзэгчиддээ эрс шинэ дүр төрх, онцгой гойд өнгө аясыг мэдрүүлж чадах болов уу" хэмээн онцоллоо.
Гол дүрүүдэд МУГЖ Г.Амгаланбаатар, МУСТА Ш.Мөнхбаяр нар болон залуу жүжигчин Н.Нархажид, Т.Баасансүрэн, А.Эгэлзаяа, Б.Баттогтох нар тоглосоноос гадна МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Д.Оюундарь, МУСТА О.Гэрэлсүх нар туслах дүрүүдийг бүтээсэн байна. Хэн нэгний жолоогүй сэтгэл, атаа хорсол, хууран мэхлэлт нь ямар олон хүнийг сэтгэлийн зовлонд унагадгийг, мөн нөгөө талаар бие биендээ итгэж, туслан тэтгэж, нэг нэгнээ энэрч нигүүлсэн амьдрах аваас амьдрал юутай гайхамшигтай гэдгийг мэдрүүлэхийг үзэгчиддээ мэдрүүлэхийг зорьсон family drama | mystery төрлийн энэхүү “Үнэр” ОАК нь үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа ч аль хэдийнээ олны анхаарлыг татаад эхэлжээ.