Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдаан гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд цахим орчинд амжилттай явагдаж өндөрлөлөө.
2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг (Innoway, Nanitech, Wave багууд) шилдгээр шалгарч, олон улсын GYEC 2020 тэмцээнд оролцох эрхээ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардан авлаа.
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын энтрепренер бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээн Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Монгол улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа билээ. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар тус сургалт, уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Хөдөлмөрийн зах зээлд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг, тэр дундаа энтрепренершипийн давлагаанд анхаарал хандуулах болж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энтрепренершипийн ур чадвар олгох хичээлүүдийг оруулж эхэлсэн. Монгол улсын хувьд ерөнхий боловсролын түвшинд эдгээр ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо дутмаг байдаг.
Иймд бид ахлах ангийн сурагчдад олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгохын тулд сургалтыг шинэлэг хөтөлбөр, оролцооны арга барилаар хүргэдэг. Энэхүү уралдаан нь Улаанбаатар хотын аль ч ЕБС-н 15-19 насны ахлах ангийн сурагчдад нээлттэй юм. Тэмцээнд найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцдог. 2017 оны уралдаанд нийт таван сургуулийн 38 сурагч хамрагдсан бол 2018 онд зургаан сургуулийн нийт 64 сурагч, 2019 онд найман сургуулийн нийт 64 сурагч, 2020 онд 11 баг сонирхлоо илэрхийлэн сургалтад хамрагдаж, түүнээс есөн сургуулийн 62 сурагч уралдаанд оролцсон. 2019 оны олон улсын уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцсон багууд өмнөх жилүүдийн амжилтуудыг давж, эхний 10 байр дотор шалгарсныг бахархууштайгаар онцлох нь зүйтэй юм.
Энэ жилийн олон улсын уралдаан тавдугаар сарын 30-ны өдөр, бүтэн 12 цагийн турш цахимаар явагдах юм. Өглөө 7:00 цагт сэдэв зарлагдах ба оролцогч багууд 18:30 гэхэд доорх даалгаврыг гүйцэтгэсэн байна. Үүнд:
1) Санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар (биетээр эсвэл дижитал);
2) Хоёр хуудас бизнесийн төлөвлөгөө
3) 3-5 минутын дүрсэн танилцуулга /англи хэл дээр/ бэлдэнэ.
Уралдаанд оролцсон сурагчид багийн найзуудаасаа сурахаас гадна баг хоорондоо харилцан суралцаж, дийлэнх оролцогчид цахим орчинд багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан байгаа нь сургалтын дараах судалгаагаар харагдсан юм. Сурагчид мөн өөрт байсан бүтээлч санаагаа бодит болгох, түргэн хугацаанд үр дүнтэй ажиллах гэх мэт ур чадваруудыг сургалт, уралдаанаас олж авсан гэж судалгаанд хариулжээ.
Цаашид энэхүү уралдаанд орон нутгийн ахлах ангийн сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд болгохоор зохион байгуулагчдын зүгээс ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
У.БИЛГҮҮН