Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Номин: Адал явдалт, эйкшн кинонд дүр бүтээх хүслээ Зура 2 кинон дээр биелүүлсэн

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
11 минут 28 секунд

СУИС-д суралцаж байх цагаасаа кино урлагт хөл тавьж, "Хайрын клуб", "Төлөөс", "For you" зэрэг уран бүтээлүүдэд гол дүр бүтээсэн залуу жүжигчин Ц.Номинг урьж ярилцлаа. Түүний хувьд “Фантастик” продакшны бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны Солонгын дүрээр үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж байсан. Тэрбээр "Фантастик" продакшны "ЗУРА 2: Цурам ажиллагаа" уран сайхны кинонд бүтээсэн шинэхэн дүрээрээ үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тэгвэл залуу жүжигчин Ц.Номинтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Шинэхэн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?

-Фантастик продакшны хувд кино театрын дэлгэцнээ кино нээлгүй дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. “Цурам ажиллагаа” киноны маань зураг авалт дуусаж, удахгүй нээлтээ хийх гэж байгаад баяртай байна. Догдлон хүлээж байна.

-ЗУРА 2: Цурам ажиллагаа кинонд бүтээсэн дүрийнхээ талаар ярьж болох уу. Дүр бүтээхээс гадна кино групптээ орж ажилласан гэсэн?

-Миний хувьд ТЕГ-ын тусгай ажилтны дүр дээр ажилласан. Дүр маань туслах дүр. Киноныхоо арын албанд давхар ажилласан. Нэлээн хүнд мөртлөө сонирхолтой зураг авалтууд их хийгдсэн. Хүмүүст шинэлэг байдлаар хүрэх болов уу гэж бодож байна.

Мөн би Зура 1 уран сайхны кинон дээр арын албанд ажиллаж байсан. Харин Зура 2 уран бүтээлдээ туслах дүр авсандаа баяртай байгаа. Киноны маань утга агуулга Зура 1 кинотой тийм ч нягт холбоотой биш. Зура 1 кинонд хууль бус хээл хахуультай тэмцэж буй өмгөөлөгч, прокурор, сэтгүүлч нарын тухай өгүүлдэг шүү дээ. Харин Зура 2 киноны маань утга агуулга үзэгчдэд ойлгомжтой байгаа болов уу. Тагнуулын байгууллагын тусгай ажилчдын дүрээр шинэ сэдвийг барьж хийсэн.

-Шинэлэг зураг авалтууд хийгдсэн гэж ярьлаа. Тусгай ажилтны дүрийг бүтээхэд шинэ сорилттой тулгарав уу?

-Кино зураг авалт эхлэхээс 3 сарын өмнө бэлтгэл ажилдаа орсон. Бидний хувьд жинхэнэ гар буу барьж нэлээн практик хийсэн. Буудлагыг зарим үед харахад амархан ч юм шиг харагддаг шүү дээ. Гэтэл яг биечлэн сураад эхлэхээр маш хэцүү юм билээ. Тусгай байгууллагын ажилтан гэдэг утгаараа бид мэргэжлийн түвшинд нь сурах шаардлагатай тулгарсан. Энэ нь надад маш сонирхолтой байсан. Би өөрөө байт спортын төрлүүдэд дуртай. Мэргэжлийн болох хэмжээний сургалт авч, хичээлд нь суусандаа маш их баяртай байгаа. Магадгүй энэ нь ч киноны маань шинэлэг талуудын нэг болж өгсөн байх гэж бодож байна.

-Дүрийн хувьд их сонирхолтой санагдаж байна. Анх дүрийнхээ талаар сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Тусгай ажилтны дүрийг анх аваад маш их баярласан. Тусгайгийн олон эрэгтэй ажилчдын дунд ганц эмэгтэй ажилтан нь болох дүр оногдсон. Гэхдээ зохиолоо уншаад, бэлдээд явж байхдаа нэг л айдас төрөөд байсан. Чадах болов уу, мэргэжлийн харагдах болов уу гэх мэтээс авхуулаад айдас төрсөн. Тэр хэрээрээ өөрт маань маш том хариуцлага ноогдож байгаа юм шиг санагдсан. Мэдээж тусгай хүчний байгууллагад маш мундаг хүмүүс ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс тухайн хүмүүстэй дүйж очихуйц хэмжээний харагдана гэдэг нь өөрөө маш их бэлтгэл сургуулилтыг шаардсан.

-Та өмнө эршүүд, дайчин эмэгтэйн дүрийг бүтээмээр байна гэж ярьж байсан. Магадгүй энэ удаагийн дүр тусгай ажилтан гэдэг утгаараа нэлээн таныг хүслээ биелүүлсэн юм уу гэж харж байна?

-Зура 2 уран сайхны кинон дээр эршүүд, буутай харьцах дүр дээр ажилласан маань миний хувьд маш шинэлэг байлаа. Ер нь эмэгтэй уран бүтээлч бүхэнд адал явдалт, эйкшн кинонд дүр бүтээх хүсэл байдаг байх. Надад ч ийм хүсэл байсан. Харин хүслийг маань Зура 2 кино биелүүлж өгсөн. Хүмүүс хэрхэн хүлээж авахыг нь мэдэхгүй юм. Гэхдээ би удаагийн дүр дээр ажиллахдаа утгаар нь кайфарч, аз жаргалыг мэдэрсэн. Ер нь дүр авсан л бол хамгийн сайнаараа ажиллахыг хүсдэг.

-Кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Хэр догдолж байна?

-Маш их догдолж байна. Урьд урьдын кино уран бүтээлээсээ илүү хүлээлттэй байгаа. Учир нь би дүрээ бүтээхийн сацуу киноныхоо арын албанд ажилласан учраас илүү сэтгэлээ шингээн ажилласан.

-Фантастик продакшн бол кино урлагаар дамжуулан нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үлгэрлэж яваа хүлээн зөвшөөрөгдсөн хамт олон гэж олон нийт хардаг. Таны хувьд тус продакшны хоёр ч уран бүтээлд дүр бүтээлээ. Тус продакшны хамт олонтой хамтарч ажиллаж байгаагийн хувьд юу хэлэх вэ?

-Би өөрийгөө маш азтай гэж боддог. 37-р точка кинонд тоглосноос хойш Фантастик продакшнтай салшгүй холбоотой яваа. Хэн хүнд олдоод байхгүй аз надад тохиосон. Жүжигчний мэргэжлээр төгсөөд шууд л гол дүр авна гэдэг хэцүү шүү дээ. Харин Фантастик продакшны хамт олон надад боломж олгож, зааж сургаж, чиглүүлээд явж байгаад нь маш их талархдаг. Тэр хэрээрээ итгэлийг нь алдахгүй, улам хичээхийг эрмэлздэг.

-Фантастикийн ах нар нь кино зураг авалтын талбайд хэр хатуу хүмүүс вэ?

-Маазрах үедээ маазарч, ажиллах үедээ маш хатуу шаардлагуудыг тавьдаг. Ажил, амралт чөлөөт цагаа ялгаж чаддаг мундаг хүмүүс л дээ. Зураг авалтын талбайд уран бүтээлчдэд тавигдсан шаардлагуудыг хариуцлагатайгаар нэхэж ажилладаг. Ер нь хатуу хүмүүс /инээв/.

-Ц.Номин ер нь уран бүтээлчийнхээ хувьд ямар "зан чанар"-тай хүн бэ?

-Уран бүтээлч бүхэн шинийг эрэлхийж, аливаа шинэ зүйл бүрт суралцах чин хүсэлтэй байдаг байх. Би ч тэдний нэг. Чадахгүй хэрнээ л оролдох гэж хичээдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг л тэр. Тиймдээ ч хийхийг хүссэн зүйлс надад их бий. Эхнээс нь хийгээд, туршиж үзээд л явж байна даа. Жишээлбэл, уран бүтээл дээр ажиллахад шинэ зүйлстэй нүүр тулахад эхлээд хүндрэлтэй л санагдана. Харин түүнийхээ ард гарчихаад зогсож байх маш сайхан.

-Тайзан дээр гарч, жүжгийн дүр бүтээхийг хүсдэг-

-СУИС-д суралцаж байх үеэсээ эхлүүлээд шууд л дэлгэцийн уран бүтээлээр дагначихлаа. Тайзны уран бүтээлд хүч сорих бодол бий юу?

-Жүжигчин мэргэжлийг сонгож, амьдралаа холбосон хүн бүр тайз руу “шунадаг” байх. Дөрвөн жил СУИС-ийн тайзан дээр шалыг нь “долоох” нь холгүй л байдаг байлаа. Тиймдээ ч битүүхэндээ тайзан дээр гарч, жүжгийн дүр дээр ажиллах юм сан гэх хүсэл байдаг. Гэхдээ бодож явахад бүтнэ гэдэг шүү дээ. Энэ тал дээр бодсон зүйл бий.

-Кино уран бүтээлд тоглох санал хэр ирж байна?

-Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад зарим уран бүтээлүүдэд татгалзахаас өөр аргагүй үе байдаг. Одоогоор хоёр киноны санал ирсэн байгаа. Хараахан хариу өгч амжаагүй л байна.

-Дүр бүтээнэ гэдэг амьдралдаа мэдэрч болох бүх л мэдрэмжийн цуглуулга шиг санагддаг-

-Жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн бүхэн мэргэжлээрээ ажиллаад явах нь ховор байдаг гэлцдэг. Та ч өөрийгөө азтайд тооцож явдаг гэлээ. Мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрээд явахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Кино уран бүтээлд тоглоно гэдэг нэг тийм сүнслэг мэдрэмж байдаг л даа. Уран бүтээлчдийг харахад дүр дээр ажиллаад түүндээ урамшиж, амташсан хүн кино урлагаас дахин холдож чаддаггүй юм шиг надад санагддаг. Киноны зураг авалт дуусаж, үзэгчдэд хүргэх нь маш сайхан мэдрэмж байдаг. Амьдралдаа мэдэрч болох бүх л мэдрэмжийн цуглуулга шиг санагддаг. Би өөрийгөө азтай гэж боддог талаараа хэлсэн шүү дээ /инээв/.

-Ялангуяа жүжигчдээс асуумаар санагддаг юм. Үзэгчид бидний хувьд кино уран бүтээлийг үзээд, дүгнэлт хийдэг. Тэгвэл жүжигчид өөрсдийн тоглосон киногоо үзэхэд ямар мэдрэмж төрдөг бол. Эхэндээ бол эвгүй л байдаг байх даа?

-Анх тоглосон киногоо үзэхээс ичдэг байсан. Хоолойгоо сонсоход хүртэл ичдэг байсан юм. Сүүлд оюутан байхдаа гол дүрд нь тоглож байсан киногоо үзсэн. Одоо бүр тоохоо больчихсон байна лээ /инээв/. Тоохоо больсон гэдэг нь алдаа дутагдлаа харж, өөрийгөө сайжруулахын төлөө харж байгаа хандлага юм болов уу гэж бодсон.

-Удахгүй шинэхэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах нь. Кино нь үзэгчдийн сэтгэлд хэр хүрнэ гэсэн хүлээлттэй байна?

-Үзэгчдийг манай киног үзээд ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэгт маш их хүлээлттэй байна. Манай кино үзэгчдийн сэтгэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Оролцож тоглосон уран бүтээлчид, киноны зохиол, кино групп зэрэг ажилласан байдлаа харвал хүмүүсийн сэтгэлд хүрч чадах байх гэсэн битүүхэн хүлээлт байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Үзэсгэлэн худалдаа гарснаар хүнсний ногооны үнэ тогтворжиж, төмс , байцаа 1500, лууван 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Үзэсгэлэн худалдаа гарснаар хүнсний ногооны үнэ тогтворжиж, төмс , байцаа 1500, лууван 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.