Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Үзэсгэлэн худалдаа гарснаар хүнсний ногооны үнэ тогтворжиж, төмс , байцаа 1500, лууван 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 25 секунд

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэр дундаа хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж байсан цаг саяхан. Тухайлбал, төмсний үнэ 4500 төгрөгт хүрч, иргэдийн бухимдлыг төрүүлээд амжсан. Тэгвэл шинэ ургацын ногоо гарч, хүнсний ногооны үнэ эргэн хэвэндээ орсон бөгөөд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан "Алтан намар-2022" үзэсгэлэн худалдааны арга хэмжээ зохион байгуулагдаж буй юм.

Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн ба нийт долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байгаа талаар хэлсэн юм. Иймд бид хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явуулж буй байршилд очин дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Баянзүрх дүүрэг, 4-р хороо Жуковын талбай

Жуковын талбайд Сэлэнгэ аймгаас болон Ховд аймгаас ирсэн ногоочид өөрсдийн хүнсний ногоогоо худалдан борлуулж байгаа аж. Гэхдээ өнөөдөр болон маргааш үзэсгэлэн худалдаа явагдахгүй гэдгийг худалдаачид хэлж байлаа. Учир нь Жуковын талбайд энэ хоёр өдөр өөр арга хэмжээтэй учир хоёр өдөр амарч байгаа гэнэ. Харин хүнсний ногооны үнийн хувьд харьцангуй боломжийн, үйлчлүүлэгчид ч ам сайтай байгаа гэдгийг хэлж байлаа.

Иргэд шинэ ургацын ногоо сайхан байна гэцгээж байна

Ногоочин, "Хүмүүс маш ам сайтай байна. Шинэ ургацын ногоо маш сайхан байна, амт чанар сайн байна гэдгийг хэлж байна лээ. Мөн үнийн хувьд ч гэсэн харьцангуй багассан байна гэдгийг ч хэлж байна. Манайх Ховдоос ирсэн шинэ ургацын ногоо зарж байгаа. Өөрсдийн гараар тарьсан төмс, тарвас, тинга буюу амтат гуа, помидор, арнитик олон бэсрэг алим зэргийг авч ирсэн. Харин бусад хүнсний ногоогоо өөр газруудаас аваад худалдан борлуулж байна" гэлээ.

Албаныхан мэдээлэл хийхдээ ногоочдоос түрээс авахгүй гэдгийг хэлсэн юм. Иймд бид зарим худалдаачнаас энэ талаар асууж тодрууллаа. Худалдаачин н.Баярмагнай,

Түрээс авахгүй байгаа нь зөв шийдвэр гэж бид үзэж байгаа

"Үзэсгэлэн худалдаа эхлээд долоо хонож байна. Биднээс талбайн түрээс авахгүй байгаа. Тиймээс ногоочин бидэнд маш их нэмэртэй байна. Бас зөв шийдэл гэж бидний зүгээс харж байна" гэв.

Үйлчлүүлэгчдийн зүгээс шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнэд маш их ам сайтай байгаа юм. Иймд бид үйлчлүүлэгчдийн байр суурийг ч мөн сонссон юм.

Химийн бордоогүй, цэвэр байгалийн хөрсөнд нь тарьж ургуулсан болохоор аюулгүй санагдаж байна

"Задгай талбайд буюу үзэсгэлэн худалдаагаар зарагдаж байгаа хүнсний ногоонууд нь дэлгүүрүүдийг бодвол харьцангуй үнэ багатай байна. Ногооны үнэ ямар өндөр байгаа билээ. Үзэсгэлэн худалдаа гарч байгаа нь хүнсний ногооны үнийг тогтворжуулах зөв алхам болж байна гэж харж байна. Түүнээс гадна ногоочид маань өөрсдийн гараад тарьж ургуулж, ямар нэг химийн бодисгүй, эрүүл хөрсөн тарьсан болохоор илүү аюулгүй, найдвартай санагдаж байна, амт чанарын хувьд маш сайхан байна лээ" гэлээ.

Иргэд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байгаад, үнэ өртгийн хувьд харьцангуй хямд байгаад маш их сайшаалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

Иргэн "Төмөр замд гарсан үзэсгэлэн худалдаагаар орж үзсэн. Ногооны үнэ эндхийг бодвол харьцангуй хямд байна лээ. Гэхдээ тэнд хүнсний ногоогоо бөөндөж байгаа учир үнэ хямд байгаа байх. Яахав өнгөрсөн жилүүдийг бодвол мэдээж хүнсний ногоо, жимс жимсгэний үнэ арай өндөр байгаад байх шиг байна. Саяхан үнэ нь өссөн болохоор үнэ буурах үзэгдэл бага байгаа байх. Угтаа одоо бол хүнсний ногооны үнэ харьцангуй багасчихдаг шүү дээ" гэв.

Харин өөр нэгэн худалдаачнаас хүнсний ногооны үнэ өртгийн талаар мэдээлэл авахад тэрбээр дараах зүйлийг хэлсэн юм.

Төмс, байцай 1500 төгрөгөөр зарагдаж байна

Ногооны үнэ харьцангуй хямдарч байна. Манайд байгаа хүнсний ногоонууд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас ирсэн. Даршилсан ногоо нь өөрсдийн гараар дарсан, төрөл бүрийн ногоо байгаа. Хүнсний ногооны үнийн хувьд,

  • Төмс, байцай- 1500 төгрөг
  • Лууван- 2000 төгрөг
  • Манжин, сонгино- 2500 төгрөг
  • Огурцы том,жижгээсээ хамаарч 2000-4000 төгрөг
  • Нарийн ногоооны хувьд
  • Тарвас- 2500 төгрөг
  • Амтат гуа- 6000 төгрөг
  • Помидор- 7000-15000 төгрөгийн хооронд /Сортоосоо хамаарч өөр өөр байдаг. Учир нь хавар үр авахад өөр, өөр үнэтэй байдаг/
  • Цэцэгт байцай- 6000 төгрөг
  • Хулуу- 4000 төгрөг
  • Даршилсан ногоо- 6000-7000 төгрөг /Том, жижиг савлагаанаас хамаарч/
  • Арнитик, бэсрэг алим- 8500 төгрөг
  • Чинжүү- 8000 төгрөг зэрэг үнээр зарагдаж байна" гэлээ.

Бид үзэсгэлэн худалдаа явагдаж буй гэх өөр нэг байршил буюу БЗД-ийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнерт байрлах цэгээс мэдээлэл авахаар очиход ажиллахгүй байсан юм. Худалдааны цэгийн гадаа иргэд ирсэн байсан бөгөөд ажиллахгүй байгаад нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер

Хүмүүсийн сайн мэдэх Бэлхийн 33-н автобусны буудалд үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа талаар албаны мэдээлэл бий. Гэвч худалдаа эрхлэгчдийн зүгээс ямар нэг үзэсгэлэн худалдаа болж байгаа талаар мэдэхгүй байгаа гэдгийг хэлж байв.

Иймд бид худалдаачнаас хүнсний ногооны үнийн талаар товч мэдээлэл авсан юм. Худалдаачин, "Манайх Сэлэнгээс авч ирсэн хүнсний ногоо зардаг. Ямар нэг үзэсгэлэн худалдаа болоогүй байна. Бид өдөр тутам хүнсний ногоогоо зарж борлуулдаг. Харин үнийн хувьд, төмс, байцай 1500 төгрөгөөр зарагдаж байна, сонгино 2000 төгрөг, банана 8000 төгрөг, слив нэг кг нь 10 мянган төгрөгөөр зарагдаж байгаа" гэлээ.

Иргэдийн зүгээс хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн үнийн хувьд харьцангуй буурсан нь сурвалжилгын үр дүнд ажиглагдаж буй юм. Түүнээс гадна худалдаачдын зүгээс талбай ашиглалтын мөнгө буюу түрээс авахгүй байгаад маш их сайшаалтай хандаж байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ нь маш зөв шийдвэр гэлцэж байлаа.

Гэвч үзэсгэлэн худалдаа гарч буй байршил хэзээ амарч, хэзээ ажиллах нь тодорхой бус байна. Үүнээс үүдэн иргэд цаг хугацаа алдах, хий зардал гаргах асуудалтай нүүр тулж байгаа юм. Иймд үзэсгэлэн худалдааг зорихоор төлөвлөсөн бол хаяг, байршлыг нь сайтар судалж байж үйлчлүүлэхийг сануулж байна.

УБЗАА-наас тогтоосон 17 байршлын мэдээлэл:

Дүүрэг

Байршил

1

Баянгол

4 дүгээр хороо, төмөр зам 1000 машины зогсоол

2

Баянзүрх

4 дүгээр хороо, Жуковын талбай

3

9 дүгээр хороо, Шар хадны эцэс хүнсний ногооны контейнер

4

3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнер

5

6 дугаар хороо, Бөхийн өргөө

6

Чингэлтэй

20 дугаар хороо, Зунжин бүсэд

7

2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

8

Сонгинохайрхан

9 дүгээр хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал, хүнсний ногооны контейнер

9

19 дүгээр хороо, Миний захын хажууд хүнсний ногооны контейнер

10

17 дугаар хороо, KFC-ын баруун тал

11

29 дүгээр хороо, Москва хорооллын хажууд

12

Сүхбаатар

6 дугаар хороо, ХУБТ-ийн хойд тал, Өлзий төвийн эсрэг талын хүнсний ногооны худалдааны контейнер

13

7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 4 байрны ард, хүнсний ногооны худалдааны контейнер

14

12 дугаар хороо, 32-ын тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн талбай

15

16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер

16

Хан-Уул

2 дугаар хороо, Ажилчны алдар талбай

17

Багануур

1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

Монголд 5G сүлжээ нэвтэрлээ
Монголд 5G сүлжээ нэвтэрлээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.