“Чингис хаан” хаад язгууртны музейг ирэх есдүгээр сард нээхээр болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна.
Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.
Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул 9-р сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөж байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг. Азидаа том хэмжээний музейд багтаж байна. Энэ сарын эхээр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт олон улсын цогц арга хэмжээг зохион байгуулсан. Хуралд ирсэн олон улсын судлаачид “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллах үеэрээ музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг маш ховор, үнэтэй үзмэрүүдтэй болж гэж дүгнэсэн. Мөн музей олон улсын стандартад бүрэн нийцэж байгаа” гэлээ.