Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж буйг бид мэдээлсэн билээ. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.
Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол Улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музей тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна" хэмээлээ.