Гэрэл зургийг түүний "iderodcomedian" инстаграм хаягаас ашиглав.
Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн аянг эхлүүлжээ.
"Зөвийг түгээе" ухуулга нөлөөллийн аянг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” хамтран зохион байгуулж байна.
Тус аянд сошиал нөлөөлөгч, энтрепренер Б.Идэр-Од нэгдэж, дараах уриалгыг дэвшүүлжээ.
Тэрбээр "Би өөрийн чадах чинээгээрээ хүнд хэрэгтэй юм хийхийг хүсдэг. Тийм учраас олон салбарт янз бүрийн бүтээх гээд ажиллаж явна. Ажил мэргэжилтэй минь холбоотойгоор цахим хуудаснууд дээрх дагагчийн тоо улам л өссөөр байна. Үүнтэй зэрэгцэн миний нийтэлсэн зураг, бичлэг, шейрлэсэн бүхнийг сайнаар бас сөргөөр хүлээн авах тохиолдол ч байдаг. Энэ бүхэн миний нэр төртэй холбоотой байдаг учраас би нийгмийн сүлжээнд бусадтай хуваалцаж буй зүйлсдээ анхаардаг болсон.
Онлайн мэдээллийн ул мөр хэзээ ч арилдаггүй учраас бид өөрсдийнхөө хувийн нууцлалыг хянах, онлайн нэр хүндээ удирдах зарим аргад суралцах хэрэгтэй. Цахим ертөнцөд өөрийнхөө талаарх таагүй мэдээлэлтэй тааралдвал агуулга, мэдээллийн төрөл, бусад хүчин зүйлсээс хамаарч авч хэрэгжүүлэх төрөл бүрийн арга байдаг. Үүнийг нэг бол "Хариу үг" буюу өөрийгөө эерэг талаас нь харуулах агуулгыг бий болгох, цахим орчинд түгээн дэлгэрүүлэх, удирдах замаар эерэг мэдээлэлд түлхүү анхаарал хандуулах арга юм.
Энэ нь өөрийн тухай эерэг мэдээллийг илүү зөв өнцгөөс харуулна гэсэн үг. Дараагийн арга нь сөрөг мэдээллийг устгах арга хэмжээ авч болох ба тухайн мэдээллийг нийтэлсэн хүнтэй шууд холбогдон устгахыг шаардаж ч болох юм. Онлайн нэр хүндээ хамгаалж сурцгаая" гэж зөвлөлөө.
У.БИЛГҮҮН