Монгол Улсын Засгийн газрын ээлжит тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гаргасан билээ.
Эл тушаалд:
- 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоов.
- Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагт дууссан. Бүртгэлд 30882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулна.
- Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар ангийн сурагч бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай холбоотой гарын авлагыг хүргэсэн. Энэхүү гарын авлагад шалгуулагчдад шаардлагатай “Теле” хичээл, видео танилцуулга, зөвлөмж хичээл, мэдээлэл, дүрэм, журам зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэн оруулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 7 хоногт 1 удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар ЭЕШ-ын зөвлөмж, мэдээллийг хүргэхийг үүрэг болгожээ.
У.БИЛГҮҮН