БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо барьж, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээн авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь бие даасан төрөл цэрэг болсон. Энэ цагаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнд ч хүрлээ. 2017 оны 4 дүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, энэ өдөр офицер, ахлагч нарын албан тушаалын 30 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч байна. Хуурай замын цэргийн командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлагад талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгснийг дурдах ёстой. Цаашдаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжилнэ” гэлээ.
“Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд “Барилгын ажлыг 2019 оны есдүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой” гэв.