“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулна. Дээрх дадлага, сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох байгууллагууд хэлэлцлээ. Уулзалтад Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүд оролцов.
Энэ үеэр салбарын сайд Д.Сарангэрэл "Коронавирусний халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллах шаардлагатай" гэж онцлов. Түүнчлэн, дээр дурдсан үндэсний хэмжээний сургуулилтын удирдагчаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байгаа юм.
Энэхүү сургуулилт нь цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Дадлага сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцоно.