Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ер нь сүүлийн үед төсөв, төсвийн хүрээний мэдэгдлүүдийг хэлэлцэхэд ямар ч ахиц гарахгүй байна. Нэг л хэвийн харагдаад байна. Монголд байгаа хамгийн том мөнгө бол хувийн хэвшлийнхэн, араас нь төсвийн мөнгө орж байгаа. Бодлогын хувьд тодорхой өөрчлөлт хийхгүй бол ахиц дэвшил гарахгүй байна.
Ард түмний дунд амжиргаа ядуурал маш их хэмжээтэй байна. Барааны үнийн өсөлт тэнгэрт туллаа. Инфлацийг албан ёсны байдлаар 14-15 хувь гэж гаргаж байгаа боловч яг бодитойгоор 20 гараад явчихсан. Ард түмний худалдан авах чадвар буурч байна. Төгрөгийн ханш уначихсан. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ үүнтэй уялдуулж баталсан нь дээр байх.
Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин ойролцоогоор хэдэн хувиар нэмэгдэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж байгаа вэ"
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлсийг нэмнэ гэж байгаа. Яг чухам хэдэн хувиар нэмэх эсэхийг 2023 оны төсвийг өргөн мэдүүлэхдээ давхар оруулж ирнэ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тэгэхээр үүнтэй уялдуулж цалин хөлсөнд өөрчлөлт орно" гэлээ.