Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаар аудитын тайланг сонсжээ.
Ерөнхий аудитор Д.Занданбат “Аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн.
Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд дараах 2 асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд 2, МҮОНРТ үндэсний зөвлөлд 3, МҮОНРТ ерөнхий захиралд 5 зөвлөмж өгсөн.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай" гэлээ.