Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал зохион байгуулах үеэрээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон С.Ганбаатар нарын талаар олны анхаарал татсан зүйл ярьсан билээ. Тодруулбал, "Хөгжлийн банктай нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ хаалттай хэлэлцсэн.
Энэ үеэр Н.Алтанхуяг маш их сандарсан.
Мөн ард түмэнд "шударга" гэж үнэлэгдэж ирсэн С.Ганбаатар тэр дөрвөн гишүүний хамгаалж хамгийн олон удаа үг хэлсэн байна. Шударга хүн ингэж болох уу. Гэтэл цаана учиртай байж. Тэр хүн өөрөө Хөгжлийн банктай холбоотой юм билээ" гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийг С.Ганбаатар гишүүн үгүйсгээд Т.Доржхандыг цагдаад өгөх хэрэгтэй гэж анхаарууллаа.
Тэрбээр "Яг үнэндээ УИХ-ын хаалттай хуралдаанд би суугаагүй, би гадуур ажилтай байсан. Тэрийг гэрчлэх баримт ч бий. Тэгтэл намайг нэр бүхий дөрвөн гишүүнийг хамгаалсан гэж мэдэгдэл хийсэн. Тийм зүйл болоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Дээр нь адилхан сөрөг хүчин болсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар руу дайраарай гэж Хан-Уулчууд түүнийг сонгоогүй.
Тэр хүн Үндсэн хуулийн цэцэд бичиг цаас зөөж гүйдэг болтлоо эрх баригчдын бууны нохой болж. Арай ч дээ. Чаддаг юм бол баримтаа гаргаад ир. Баримттай ярьж сурах хэрэгтэй шүү" гэдэг тайлбар өгөв.