Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Буянжаргал: “Капитал“ банканд алдсан хөрөнгийг төвлөрүүлэх чиглэлд анхаарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 19 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа нар нэр дэвшиж буй.

Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.

Тэрбээр "Албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдыг төлөөлж, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхи зүтгэл, санал санаачлага гарган ажиллана" гэлээ.

Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа.

Тэрбээр "Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэргээр ажиллана" гэв.

Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Тэрбээр "Хувийн хэвшлийн салбарт, тэр тусмаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш ажилласан туршлага, мэдлэгтээ үндэслэн холбогдох хууль эрхзүйн актуудад санал өгөх, нийгмийн даатгалын бодлогод ажил олгогчдын саналыг тусгуулах, мөн өөрийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын гишүүдийн мэдээлэл солилцох гүүр болж ажиллах боломжтой. Тухайлбал, сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх зэргээр ажиллана" гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохдоо гурван үе шаттайгаар сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжиж байгаа болон нэр дэвшигчдийг томилох эсэхийг цаашид Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэхээр болжээ.

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.