Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргээд байгаа.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь харилцан гэрээ байгуулж, сонголтоо хийх зарчмаар явагддаг. Төгрөгийн хүү, долларын ханш зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ дотор долларын ханшийн зөрүүг хамгаалдаг хэрэгсэл бий. Тиймээс төрөөс оролцох зүйл байхгүй.
Монгол Улсын хувьд ковидтой холбоотойгоор урд хил хаалттай, хойд хөршийн асуудал зэрэг эрсдэлүүд байгаа. Энэ шалтгаануудаас үүдэн барааны хомстол, орлогын хомстлыг үүсэж байгаа. Тиймээс бидний зүгээс макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангах үүднээс мөнгөний бодлогын хүүг нэмсэн.
Хөрш улсуудын нөхцөл байдал сайжирч, хэвийн болбол мөнгөний бодлогын хүүг бууруулна.
Монголбанк доллар хэвлэдэггүй. Төв банкны хувьд экспорт, импортын орлогоос хир зэрэг валют орж ирж байгаагаас хамаарч зохицуулалт хийдэг.
Иргэд гаднын улсруу валют гаргахдаа гааль дээр мэдүүлнэ. Түүнд тавих хязгаарлалт байхгүй. Ямар нэг хязгаарлалт хийх бол тухайн хариуцаж буй яам, байгууллага нь шийдвэр гаргах ёстой. Манай улс өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум ам.доллар буюу улсын импортын 6-7 сарын валютын нөөцтэй байна" гэдгийг хэллээ.