Ардын намын ойрын хэдэн жилийн улс төр энэ хаврын чуулганаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа өөрчилж, гишүүдэд “давхар дээл” өмсгөх үү. Эсвэл өөрийнхөө хамаг бодлого, улс төрөө чуулганы танхимд унагах уу гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийднэ. Уг нь тооцоо ёсоор өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтөө Цэцийн тусламжтайгаар хийх байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нараас шалтгаалж төлөвлөгөө нурсан.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй эрхмүүд ойлголцсон байна. Тэд өнгөрсөн хоёр сарын хугацаанд тохиролцож чадахгүй байсан асуудлуудаа нэг тийш цэгцэлж, энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулахаар болсон гэнэ. Харин өөрчлөх хувилбараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээх бус гишүүд хууль санаачлах байдлаар шийдэхээр тохирчээ. Уг хувилбар нь өнгөрсөн намрын чуулган завсарлахтай зэрэгцэж МАН дотор яригдаж байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэдний тооцож буйгаар ирэх дөрөвдүгээр сараас “давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулиа өөрчлөх ажлаа эхлүүлнэ. Улмаар хэлэлцүүлэх, батлах үйл явцаа 5, 6 дугаар сардаа багтааж хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг эх сурвалж онцоллоо. Ингээд нэгэнт өөрчилсөн Үндсэн хуулийнхаа хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмаас урьтаж шинэ сайдуудаа томилж, дараагийн Засгийн газар бүрдэх гэнэ.
Ерөнхий сайд болон гишүүд талын тооцоолол нэг иймэрхүү байдлаар гарч, ерөнхий тохироондоо хүрчээ. Мөн Ерөнхийлөгчтэй ойлголцсон гэдэг бол том алхам юм.
Ер нь хүссэн хүсээгүй “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж, Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр сонголт Ардын намд үлдээгүй. Улс төр бол хуваарилалт дээр явагддаг багийн “тоглоом”. Гэтэл Ерөнхий сайд хүний хийсэн хуваарилалт, бусдын баг дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллалаа. Ялангуяа чадамжгүй “дан дээлтэй” сайдууд нь мөн олон удаа чихнээс нь хонх уясан. Тиймээс улс төрийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж гишүүдтэйгээ ойлголцсон байдаг.
Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй өнгөрсөн хоёр сар шиг ээ мунгинавал эцсийн мөчид Ерөнхий сайд өөрөө хүнд байдалд орно. Шинээр байгуулсан хоёр яамнаас нь эхлээд засгийн бүх ажил зогсонги, хүлээлтийн байдалд орж байна. Тэр гишүүдээ муривал Засгийн газраас оруулж буй хуулийн төслүүд, бодлогын асуудлуудыг гишүүд Их хурал дээр өлхөн унагана. “Шинэ сэргэлтийн бодлого”-оос эхлээд маш олон хууль парламент руу энэ хавар орох гэж байна. Мөн нөгөө талд нь ил далдаар явах “виз”-ээ даруулсан сайдууд нь ч ажлаа хийхгүй, асуудлаас зугтана.
Тэгвэл “давхар дээл”-ээ зөвшөөрүүлээд хоёроос дээш сонгогдсон, байнгын хорооны дарга хийгээд үзчихсэн туршлагатай гишүүдээр танхимаа бүрдүүлчихвэл Л.Оюун-Эрдэнийн шинэ засаг өнгөрсөн хугацаанд бараг байгаагүй хамгийн хүчтэй, “бяртай” Засгийн газар болно. Мэдээж сайдад яригдаж байсан нөхдүүдээс Хөгжлийн банкны асуудалд холбогдсон этгээдүүд автоматаар хасагдах байх. Үүнийгээ ч тооцсон учраас өнгөрсөн хоёр сарын турш Хөгжлийн банкаар Ардын намынхан хачин улс төр хийлээ шүү дээ.
Харин Ерөнхийлөгчийн хувьд “давхар дээл”-ийг гацаасан чигтээ бариад байх утгагүй. Сүүлдээ гишүүд нь хүртэл уг үйлдэлд дургүйцэж эхлээд байгаа. Мөн үхэх үү, сэхэх үү гэдэг сонголтын өмнө байгаа Ерөнхий сайд тэргүүтэй залуучуудтай хамаагүй ингэж “дайтах” нь тохиромжгүй бөгөөд эрсдэлтэй. Тиймээс чагталж суусныхаа хариуд шинэ танхимд өөрийн квотоо нэмэх, сайдад явуулах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхгүйгээр оруулах зэрэг боломжуудыг хүртэж, ойлголцох нь түүнд ашигтай.
Ийнхүү Ардын намынхан Үндсэн хуулиа өөрчлөх гэж багагүй бужигнаж энэ хаврыг үдэх бололтой. Мэдээж үлгэр үргэлж сайхан төгсдөггүй тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгч “татарууд” гарч ирэх нь ойлгомжтой. Тэдний жагсаалтыг эхэнд Хэрэг эрхлэхийн дарга, сандал суудлаасаа салахгүй гэдэгтээ итгэсэн “дан дээлтэй” сайдуудын лобби бүлэг бичигдэх нь гарцаагүй. Гэхдээ нэгэнт дээгүүрээ тохирсон ажиллагаанд доогуур нь түжгэнээд нөлөөлөхгүй л болов уу даа.
Г.Лхагвадорж