Хавар болж хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан ойн түймрийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэх газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 16.35 цагт тус газрын ОБЕГ хүлээн авсан байна. Аймгийн ОБГ Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид ажиллажээ. Тухайн өдрийн 19.52 цагт цурамд оруулж, 03.08-ны өдрийн 06.00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэх газар сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 13.47 цагт тус сумын ОБГ хүлээн авсан байна. Сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 15.12 цагт бүрэн унтраажээ.
Иймд иргэд хөдөө орон нутагт зорчихдоо сонор сэрэмжтэй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү.