Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 оны НӨЛӨӨ бүхий 33 хүнийг UBN.MN сайт нэрлэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 6 секунд

Ubn.mn мэдээллийн сайт 2021 оны хамгийн нөлөө бүхий 33 хүнийг нэрлэж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, сошиал ертөнцөд үг үйлдэл нь сайн муу аль ч талаараа хүчтэй нөлөө үзүүлсэн нийгэмд зохих ёсны байр сууриа эзэлсэн эдгээр эрхмүүдийг тодруулахдаа фокус группын санал асуулга, эскфертийн үнэлгээ, манай мэдээллийн сайт болон сошиал орчинд тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлэлд ирсэн уншигчдын хандалт, сэтгэгдэл зэрэгт тулгуурласан болно.

Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Ж.Батмөнхөөс хойш хамгийн удаан МАН-ын Ерөнхий нарийн нарийн бичгийн даргаар ажилласан хүн гэж түүхэнд үлдэх нь тодорхой болсон Д.Амарбаясгаланг 2021 оны нөлөө бүхий хүнээр нэрлэж байна. МАН өрсөлдөгчгүй шахам гоцолж, улс орны хувь заяатай холбоотой улс төрийн гол бодлого шийдвэрүүдийг “цагаан ордон”-доо зангидсаар байна.

Л.Оюун-Эрдэнэ /Монгол Улсын Ерөнхий сайд/

Цар тахал, үнийн өсөлт, барааны хомсдол, хил гааль, жагсаал цуглаан, дабл стандарт гээд саарал ордныхонд сааралдуу жил байлаа. Гэвч дубайн гэрээг цуцалж 2.3 тэрбум ам.долларын өрөөс чөлөөлөн оюутолгойгоос хүртэх ашгийг наашлуулж чадсан нь түүний удирдсан Засгийн газрын гавьяа мөн. С.Батболдоос хойш Рио Тинтотой хэл амаа ололцож чадахгүй үргэлж асуудалтай явсан дөрвөн Засгийн газар арван жилийн маргаан ийнхүү нэг талдаа гарлаа.

У.Хүрэлсүх /Монгол Улсын Ерөнхийлөгч/

Ерөнхийлөгч болсноос хойш үйл ажиллагаа нь тогтуун даруу болжээ. Гэвч 2005 оноос хойш МАН-д ирээгүй Ерөнхийлөгчийн сонгуулийг ялалтыг авчирсан лидер, анх удаа 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгч гээд түүнийг онцлохгүй байх аргагүй. Мод тарих хөдөлгөөн, хойд хөршийн айлчлал, кофи аннаны уулзалтаас өөрөөр олон нийтийн анхаарлыг төдий л татахгүй яваа нь Ерөнхийлөгчийн институтийн онцлогтой холбоотой.

Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн/

“Явж явж Н.Алтанхуяг л нэгтгэнэ дээ” гэж хоёр хуваагдсан АН-ынхан шивэр авир хийцгээх. Том жижиг дөрвөн сонгуульд дарааллан ялж байсан түүнээс өөр дарга АН-д байхгүй. Ах намын найруулгаас гарч албан ёсоор тамга барьж амжаагүй л гэхээс дарга нь О.Цогтгэрэл, Генсек нь Л.Гантөмөр гээд АН-ыг дажгүй “увсжуулаад” авсан. Н.Алтанхуягтай холбоотой мэдээ, хэлсэн үг нь хандалт өндөртэй, сэтгэгдэл нь фэнүүдийн алга ташилт ихтэй байлаа. Алгуур сэмхэн барьцаа ахиулсаар яваа түүний нөлөөг хүлээн зөвшөөрөх нь зүй ёсных.

Н.Энхбаяр /Улс төрч/

Эцэст нь тэр яллаа. Намаас хөөж, бүгд найрамдах уншуулж, гудамжинд гаргаж ялж бадраад байсан Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд, С.Батболд нарын үхэр хонь жилтэнгүүдээсээ тэр хамаагүй өндөрт тугаа зоолоо. М.Энхболд, С.Батболд нар нь МАН-ын удирдах зөвлөлөөс хасагдсан бол Н.Энхбаяр МАН-ын дээд доод бүх шатанд 30 хувийн квоттой боллоо. М.Энхболд, С.Батболд нарын хүүхдүүд төв банк, олимпийн хороо хавиар эргэлдэж байгаа бол түүний хүү УИХ-ын гишүүн боллоо. Итгэлт Б.Зүмбэрэллхам нь шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга гээд шийдвэр гаргах дээд түвшинд гүн гүнзгий хумсаа шигтгэлээ. “Том шар урт гартай” гэж.

Б.Энхбаяр /УИХ-ын гишүүн/

Хөх тэнгэрээс өөр бурхангүй болсон МАН-д ялгарч буй цөөн улс төрчдийг онцлохгүй өнгөрч болохгүй. Нам засгийнхаа бодлого, шийдвэрийг зарим үед ил тод шүүмжилдэг түүн шиг гишүүн цөөн. Хуулийн мэдлэг, улс төрчийн мэдрэмжээрээ тэр бусдаас ялгарсаар. Залуу гишүүн Б.Энхбаярыг олон нийт онцолж МАН-ын дараагийн ирээдүй гэж харж байна.

Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд/

Яамныхаа бүтцийг 30 хувиар цомхотгож, бүх тендерийн эрхээ худалдан авалтын агентлагт шилжүүлж бодит үйлдэл хийсэн сайд түүнээс өөр үгүй. Онцлох 10 улстөрчид нэг бус удаа багтсан Л.Энх-Амгалангийн боловсролын салбарт эхлүүлсэн реформ олон нийтээс хүлээлт өндөртэй байна. Түүнийг дараагийн Ерөнхий сайд болно гэсэн яриа саарал ордны тамхины цэг дээр хэсэгтээ л яригдсан. Харин мань эр энэ танхимдаа эхэлж, энэ танхимтайгаа бууна гэсэн даруухан тайлбарыг өгөөд байгаа. Гэхдээ л улстөрчдөд итгэх хэцүү л дээ.

Хакухо

Сумогийн ертөнцийн ноён оргилд хүрч зодог тайлсан тэрбээр Монголчуудын төдийгүй Японы спортын ертөнцөд өөрийгөө тодоор тамгалав. Сумод зүтгэх түүний зүтгэл нь үүдний харуулаас шинээр эхэлж байгаа ч дараагийн том оргил өөд тэр зүтгэсээр.

О.Мөнхжин

Ковидын халуурлын араас койны халуурал Монголд ирлээ. Их койны араас Монголд койны бороо орсон гэхэд хилсдэхгүй. Анх гаргасан даруйдаа хэд дахин өсөлт үзүүлсэн түүний койны ханш өнөөдөр уналттай байна. Гайтан уу? Гавьяатан уу? Гэдгийг дүгнэх цаг хугацаа нь болоогүй ч тэр оны үзэгдлийг эхлүүлэгч, гол нүүр царай нь мөн байлаа.

Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/

Жолоочийн хариуцлагын даатгалыг “нийгэмчлэх-ийг эсэргүүцэж, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх зэргээр хувь улс төрчийнхөө хувьд өөртөө дайралт татсан эрс шийдлүүдийн хойноос явж буй залуу улс төрчийг олон нийт өндрөөр үнэлжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх өндөр боловсролтой түүний үг үйлдэл улс төрийн хүрээ, олон нийтэд нөлөөтэй байна.

Ж.Оджаргал /Бизнес эрхлэгч/

Монголын хамгийн том ажил олгогчдын нэг. Түүний үүсгэн байгуулсан MCS гэх их айл ажлын байр олголтоороо ч, татвар төлөлтөөрөө ч тэргүүн фронтод алхаж байна. Ж.Оджаргал бол Монголын бизнес, улс төрд хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэг.

Ц.Баатарсайхан /Бизнес эрхлэгч/

“Таван богд” групп өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. ТОП аж ахуйн нэгж гэдэг нэр сүрээ тэд ирэх жилүүдэд ТОПУУДЫН эхэнд бичүүлэх том амбиц тээж яваа нь гарцаагүй. Ц.Баатарсайханы нэр нөлөөг энд ярих шаардлагагүй биз ээ.

П.Батсайхан /Бизнес эрхлэгч/

“Шунхлай” групп, АПУ гэх түүний удирддаг аж ахуйн нэгжүүд өнөөдөр татвар төлөлтөөрөө ч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ Монголдоо тэргүүлж байна.

Д.Эрдэнэбилэг /Бизнес эрхлэгч/

Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарын сүүдрээр дэглэж яваа түүний нөлөө улам тэлсээр. Хаан банкны хувьцаа яван явсаар түүний гарт орсон ч гэх. Эрдэнэтийн 49-ийн хэргээр дээлээ нөмрөх шахсан ч эцэстээ учрыг нь олоод эвтэйхэн мултарчихлаа. Мултраад зогсохгүй барьцаа ахиулсаар.

Ч.Ганхуяг /Бизнес эрхлэгч/

Түүнийг хүмүүс “Хас”-ын Ганхуяг тодотгодог. Тэгвэл түүний үүсгэн байгуулсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” энэ жил хөрөнгийн зах зээл дээр хамгийн том тоглогч нь болов. Урд хожид байгаагүй их ашиг олсон Монголын Хөрөнгийн биржийн нийт гүйлгээний талаас илүү хувийг Ч.Ганхуягийн компани эргэлдүүлсэн байдаг.

Б.Болд /Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал/

Монгол хүн байна даа. Монголдоо ашигтай хэлцлийг хөрөнгө оруулагчдыг төлөөлж хийлээ.

Чимэгээ Системс С.Бадрал /Технократ/

Орчин үеийн техник технологийн дэвшлийг мэдрүүлсэн Чимэгээ апп бидний ирээдүйн ажлыг маш томоор хөнгөлж буй. Тиймдээ уг системсийг бүтээсэн залуус дэлхийд гарах эхлэлээ энэ онд тавьж чадлаа.

Н.Мөнхнасан /Бизнес эрхлэгч/

Шарк, реалити шоуны шилдэг оролцогч, бас Монполимент гэх том группийн захирал Н.Мөнхнасан бол эмэгтэйчүүдийн хамгийн хүчтэй төлөөллүүдийн нэг.

Ч.Анар /Бизнес эрхлэгч/
"Анд глобал”- “ОНДО”-гийн үүсгэн байгуулагч финтек, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын салбарт түүчээлэгч Чинбаатарын Анар. Үүрэн телефоны шинэ өнгө төрхийг тодорхойлох гэж яваа түүнийг 24 насандаа GMobile-ийг үүсгэн байгуулж явсан гэдгийг олон хүн мэднэ. Бизнесийн салбарт технологийн чиглэлээр хүч түрэн гарч ирж буй эрхэм бол Ч.Анар.

М.Уранцэцэг /Жүдоч/

Жүдогийн замналаа дуусгаад холимог тулааны төрөлд хүч үзэх сонирхолтой яваа Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг онцолж байна. Медалийн цуглуулгад нь ганцхан олимпын медаль л дутуу байсныг тэр энэ жил Токиод болсон олимпын наадмаас гүйцээж, хүрэл медалийн эзэн болов. Түүн шиг олимп, дэлхийн таван медальтай тамирчин Монголд үгүй.

С.Моллай /Жүдоч/
Баянхонгорын гаралтай УИХ-ын дарга Г.Занданшатар нутгийн тамирчиддаа байр өгснийг мань хүн өөрийг нь жийгээд төр засгийн шагнал өгчихлөө гэж эндүүрч түргэдсэн. Сошиал ертөнц тэр аяараа Моллайг өмөөрч шагнал урамшууллыг нь хурдан өгөхийг шаардаж давалгайлж байлаа. Эцэст нь Монголын төр Моллайд өгөх ёстой хишгээ өгсөн. Моллай ч Монголын нэрийн өмнөөс алтан медаль авна гэж амалсан. Исламын бүгд найрамдах Иран улсаас тал нутагт дүрвэж ирсэн түүнийг Монгол ард түмэн өөрсдийн нэг гэж хүндэлж байна

М.Анхцэцэг /Хүндийн өргөлтийн тамирчин/

“Алтан охин”, МУГТ М.Анхцэцэг энэ жил мөрөөдлөө биелүүлж, дэлхийн аварга болов. Оны босгон дээр хүртсэн энэ эрхэм амжилт нь ирээдүйн олимпын аваргыг хурцалж буй нь ойлгомжтой.

Д.Батгэрэл /UFC тулаанч/

Дэлхий дээр хамгийн их мөнгөтэй, хамгийн их үзэгч дэмжигчидтэй болж буй спортын төрөл бол UFC. Тэгвэл манай тулаанч Д.Батгэрэл энэ жил хоёр ч том тулааныг октаган дээр хийж өрсөлдөгчөө дутуу гаргаж дөнгөв. Д.Батгэрэл бол энэ жилийн Монголын спортын ертөнцийн тод одуудын нэг байлаа.

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг

Багийн спортын төрөлд анх удаа олимпод оролцсон нь өөрөө том амжилт юм.

Д.Болд B продакшн /Дуучин/

Энэ онд В продакшн 15 нас хүрсэн. Олон арван дуучдыг төрүүлж урлаг соёлын амьдралд нөлөөлөл ихтэй яваа Д.Болдын карьер дуусах болоогүй. Тэрээр Монголд анх удаа олон улсын акустик стандарт ISO 3382/2009-ийг нэвтрүүллээ. Монголд дэлхийн хэмжээний кино хөгжмийн студи байгуулагдаж жинхэнэ утгаараа продакшны бизнесийг нутагшуулж чадлаа.

Р.Энхбат /Хэвлэлийн компанийн захирал/

Дараалсан хөл хорионы үед нийслэлчүүдийн хамгийн үнэтэй оюуны “хоол” ном байлаа. Энэ жил орчуулгын болон номын зах зээлийг утгаар нь базсан, бас уншигчдын оюуны цангааг тайлсан газар бол Р.Энхбат захиралтай Монсудар байлаа.

Сэгсцагаанбогд /Реппер/

Шинэ залуу, сэхээлэг реппер Сээгсцагаанбогдын дуу, клипүүд Юүтүб сувгийн хамгийн өндөр үзэлттэй контентуудын нэг байж чадлаа. Түүний райм нь Монгол хэлээр цэвэр тод бүтээгдэж байгаа нь реп ертөнцөд шинэ өнгө нэмж байна. Магадгүй энэ нь хувьсгал ч байж болох.

Д.Чойжамц /Хамба/

Гандантэгчилэн хийдийн тэргүүн маань энэ жил Хамба Номун Хан гэх цолыг хүртэж сүсэгтэн олноо баярлуулсан. Цар тахлын үед гандангийн үрэл аминд орсон гэж тайлбарлах хүн бишгүйдээ л байгаа байх.

Б.Болдсайхан /Эмч/

Өөрөө хүнд өвчтэй шүд зуун олон арван хүүхдийн амийг аварч яваа ачтай эрхэм бол Б.Болдсайхан эмч. Түүний “Зүрх мартахгүй” төслийг хэн ч мартаж чадахгүй.

Д.Амартүвшин /Комедиан/

Нийгмийн чиглүүлэхэд идэвхтэй залуучууд гол үүрэг гүйцэтгэдэг. Д.Амартүвшин нь хүний эрх, шударга ёсны төлөө цуцахгүй дуугарч чадсан нэгэн. Түүний дуу хоолой нийгэмд маш үнэтэй нөлөө үзүүлж байсан ийнхүү онцолж байна.

Э.Амартүвшин /Дуурийн дуучин/
Дэлхийн дуурийн шилдгүүдийг тодруулах "Opera Star" наадмаас гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан амжилтаараа онцгойрч байна.

Ч.Лодойсамбуу /Сэтгүүлч/

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу сошиалд болон олон нийтийн дунд хамгийн их хандалттай сэтгүүлч. Энэ утгаараа түүний үг яг энэ цаг үед олон нийтэд маш хүчтэй хүрч буй.

Н.Өнөрцэцэг /Сэтгүүлч/

“Зариг.мн” сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийг мэдэхгүй хүн Монголд лав ховор. Авлига, албан тушаалын хэргээс эхлээд төрд байгаа болж бүтэхгүй бүхнийг Зариг илчилсэн хэвээрээ.

Гурван сайд 13.00 цагаас мэдээлэл хийнэ
Гурван сайд 13.00 цагаас мэдээлэл хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.