Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор УОК, НОК болон эрх бүхий байгууллагаас 2020 онд “Шинэ жил”-ийн баярыг хийхгүй байхыг үүрэгдсэн.
Харин хувийн хэвшлийн байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллага аж ахуй нэгжүүдийн байгууллагын судалгааг гаргаж, архины хор уршгийн талаар сургалтыг цагдаагийн байгууллагаас санаачлан явуулсан байна. Гэсэн ч шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй иргэдийн хувьд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, санамсар болгоомжгүй хүний амь нас эрүүл мэндэд халдах, тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодож амь насаа үүрд алдсаар байгаа тохиолдол энэ сард буюу 12 дугаар сард эрс нэмэгдсэн байна.
Иймээс иргэдэд архи согтууруулах ундааны хор уршгийг таниулахаар мэдээлэл, нөлөөллийн аян зохино байгуулж эхэлжээ. Тодруулбал, иргэдийн архины зохисгүй хэрэглээг багасгах, тэднийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ЦЕГ-ын УСХ, Дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хамтран энэ оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 31-ний өдрүүдэд “Хариуцлагаар үлгэрлэе” арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллаж байна.
Учир нь Цагдаагийн байгууллагад 2019 онд 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4371, 2020 онд 23.064 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4.855 гэмт хэрэг үйлдэгдсэн харамсалтай тоон мэдээлэл гарчээ.
Харин энэ оны эхний 11 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 23.348 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14.920 буюу /63,9%/ нь Нийслэлд бүртгэгдсэн, үүнээс 1826 согтуугаар үйлдэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1507 хүний амь нас хохирсноос, 106 хүн осгож, 538 хүн архины хордлогоор, 5248 хүн бусдын биед гэмтэл учруулжээ.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд ахуйн хүрээний архидалт, архины зохисгүй хэрэглээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн маргаан, хардалт зэргээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хүнд болон хөнгөн гэмтэл санаатай учруулах, эд материалын хохиролд өртүүлэх зэргээр ноцтой гэмт хэргүүд удаа дараа үйлдэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, шинэ жилийн баяр тэмдэглэж буй аж ахуй нэгж байгууллагууд ажилчдадаа хяналт тавих, аюулгүй байдлыг нь бүрэн хангах, бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргахгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.