УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьшаа, Б.Саранчимэг, Г.Дамдинням, С.Чинзориг, Ч.Ундрам нарын гишүүд, УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад албан тушаалтнууд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлал энэ сарын 5-нд дуусаж, албанынхан эх орондоо ирэх юм.
Тэгвэл БНЭУ-д коронавирус халдварын омикрон хувилбар бүртгэгдсэнийг албан ёсоор зарлалаа. Тухайлбал, Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужид хоёр хүн халдвар авч, омикрон гэдэг нь батлагджээ. Хоёр тохиолдлын нэг нь Өмнөд Африкаас ирсэн нь батлагдсан бол нөгөө нь ойрын үед гадаад руу аялаагүй Бенгалуру хотын эмч аж.
Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүд, сайд нарыг 10 хоног тусгаарлах журамтай юм.