Өчигдөр /2021.12.02/ цахим сүлжээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.
Тус бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “...Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй..." гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон. Архангай аймаг дахь цагдаагийн газраас дээрх хүүхдүүдэд шинжээч эмч томилон, хамтарсан багт холбон зуучилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэв.
Харин уг асуудлаар Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тус аймгийн Засаг дарга М.Батжаргалд албан бичиг хүргүүлжээ. Албан бичигтээ "Ёсзүйн ноцтой алдаа гаргасан багшид хуулийн дагуу хариуцлага тооцно уу" хэмээжээ.