Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөлд “”кибер орон зай” гэж интөрнэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив. Мөн төслийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг хасах, төслийн 19 дүгээр зүйлд “Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна" гэсэн агуулгатай 19.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлд “Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага” гэсэн агуулгатай 18.1.16 дахь заалт нэмэхийг дэмжих томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн аж.