Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Хүний генетиктэй холбоотой мэдээллийг ашиглахыг хуулиар зөвшөөрч болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 38 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хүний генетик мэдээлэлтэй холбоотой зарчмын хувьд зөвшөөрч болохгүй хуулийн заалтууд энэ хуульд тусгагдсан байна. Хүний генетик мэдээлэл бол хамгийн чухал үнэ цэнтэй мэдээлэл юм. Та бүхэн энэ хуулиараа хүний генетик мэдээллийг цуглуулж, ашиглах гээд байна. Хүний хамгийн эмзэг хувийн мэдээллийг та бүхэн хамгаалах биш, эсрэгээрээ ашиглуулах, цуглуулах, магадгүй өөр зорилгоор боловсруулах түвшинд хүрэх гээд байна. Би энэ талаар өмнө зарчмын зөрүүтэй санал оруулахад бүх заалт хэвээр байна. Тухайлбал 10.1.3-т Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор хүний генетикийн мэдээллийг цуглуулна гэж байна. Гэмт хэрэг илрүүлэхэд яагаад үүнийг ашиглах гэж байгаа нь тодорхойгүй.

Мөн нас барснаас хойш 70 жилийн дараа хүний генетикийн мэдээллийг цуглуулах гэсэн заалт байна. Хүн нас барсны дараа ч хүний ёсоор хүндэтгэх ёстой. Адаглаад булш сүйтгэх нь эрүүгийн гэмт хэрэгт ч заасан байгаа. Түүнийг ухах нь хуулиараа хориотой. Эсвэл 70 жилийн өмнө нас барсан хүний мэдээллийг үр, ач зээ нарт нь тохох гээд байгаа хэрэг үү" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ хуулийн гол онцлог нь өмнөх Хувь хүний нууцын хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулан, ашиглаж байгаа тал хариуцлага хүлээдэггүй байсныг энэ удаагийн хууль ашиглаж байгаа тал хариуцлага хүлээх үүрэг нь тодорхой болж өгч байгаа. Хүний генетик мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа тал энэ хуулиар хариуцлага хүлээнэ" гэв.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж "70 жилийн өмнө нас барсан хүний мэдээллийг авахаар бол гэр бүлийн гишүүдээс нь зөвшөөрөл авна. Зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглаж болох юм" гэлээ.

ФОТО: Б.Жадамба, Ж. Нямжав, Н.Ням-Осор нарт Ардын багш цол хүртээлээ
ФОТО: Б.Жадамба, Ж. Нямжав, Н.Ням-Осор нарт Ардын багш цол хүртээлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.