Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулах юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хоёр яам байгуулахыг дэмжиж байна. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засаг гэдэг чинь томъёон дээр тогтсон онолтой шинжлэх ухаан юм. Яг цөмийн энергитэй адилхан. Жишээлбэл, мөнгөний өсөлт нэмэгдэхээр зээл ханшинд яаж нөлөөлөх вэ, аль эсвэл Засгийн газар төсвөө санхүүжүүлэх гэж Засгийн газрын бонд гаргавал бодит секторт ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэтчилэн янз бүрийн бодит нөлөөнүүд байдаг. Энэ бүгдийг нэг том зургаар харах нь зүйтэй байдаг юм. Макро түвшинд мөн урьдчилж төлөвлөгөө боловсруулах нь маш чухал. Жишээ нь, өнөөдөр Хятадын хил хаасантай холбогдуулан орлого нь хомстсон ААН-үүдээ яаж хамгаалах вэ, ямар бодлого баримтлах вэ гэх мэтчилэн. Үүнтэй холбогдуулан хоёр асуулт байна.
Төв банкны хараат бус байдлыг яаж хангасан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яам харилцаа уялдаа холбоогоо нийлүүлэх вэ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд яамны сайд орох уу. Хэрвээ орвол хэн даргалах вэ. 4 гишүүнтэй болчихвол санал хураавал санал тэнцээд байвал энэ байдлыг хэрхэн яаж шийдэх вэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг газар. Засгийн газрын тухай хууль болон Монголбанкны тухай хуулиар харилцааг нь зохицуулж өгсөн байгаа.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Хуулинд нь өөрчлөлт орох болов уу. Цаашдаа энэ зөвлөлд ЭЗХ-ийн сайдыг багтаах болов уу гэж бодож байна" хэмээлээ.