Цар тахлын нөлөөгөөр салбар бүрт тооцоолоогүй парадокс үүсч байна. Ялангуяа гадагшаа чиглэлтэй болон гаднаас түүхий эд бараа бүтээгдэхүүнээ татдаг салбаруудад илүү хүнд цохилт очиж байна.
Эдгээрийн нэг нь барилгын салбар юм. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил авсан том, жижиг бүхий л газар алдагдалд алдагдалд оржээ. Үүнд дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөөр байна. Хилээр нэвтрэх ачаа барааны удаашралтай холбоотойгоор тээврийн зардал эрс өссөн. Тээвэрлэлттэй холбоотой гол нэрийн 12 төрлийн барилгын материал буюу хөөсөнцөр, армутурын хомстолд орсон. Гадны ажиллах хүч багасч, цалин хөлс нэмэгдсэн. Мөн дэлхийн зах зээл дээрх барилгын материалын түүхий эдийн үнийн өсч дунджаар 45 хувиар нэмэгдсэн зэрэг нь барилгын салбарыг хамраар нь газар хатгуулахад бэлэн болгожээ.
Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж улсын төсвөөр баригдаж байгаа барилга байгууламжийн гүйцэтгэл удааширч, оны төгсгөл болж байхад өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 25.5-37 хувьтай байна.
Цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгынхан ажлын гүйцэтгэлээ хугацаанд нь хийж чадахгүй. Тиймээс магадлалд оруулж төсөв хөрөнгөө нэмэх саналыг салбар яамдаа удаа дараа илэрхийлсээр байна. 2021 оны улсын төсөвт суусан энэ оны барилга угсралтын төсөвт өртөг цар тахалтай холбоотой дээрх шалтгаануудаар огцом өссөн. Тэдний хэлж буйгаар барилгын компаниуд 300-500 саяын алдагдалтай ажиллаж, байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 70-80 хувь дампуурна гэдгээ зарлачихлаа. Хэрвээ магадлал хийж тэдний “зовлонг” үүрэлцэхгүй бол улсын төсвөөр баригдаж буй барилга байгууламжууд хугацаандаа орж чадахгүй барилгын салбар зогсох аюул тулгараад байна.
Нөхцөл байдал хүндэрвэл гурван ч том “гал”-ыг нуруундаа үүрээд буй Засгийн газарт бас нэгэн том цохилт болж очих нь ойлгомжтой. Эхнийх нь бас л аж ахуй нэгжүүдийнхээ үгийг сонсохгүй хүчээр үнийг нь барьж сонгууль дуусахыг хүлээсээр байгаад импортлогч компаниудыг алдагдалд оруулж, улмаар шатахууны үнэ нь огцом нэмэгдсэн. Түүгээр ч барахгүй шатахууны хомсдолт орж улсаараа оочерлосон. Дараа нь түлшний асуудлаар бас нэг том цохилт амсч, иргэдийг гал алдсан. Хамгийн сүүлд нүүрс тээвэр гацаж, хилээр нэвтрэх ачаа барааны асуудал чихнээс нь хонх уялаа. Энэ асуудал өнөөдөр ч цэгцрээгүй л байна. Одоо хэрвээ ажил салбарын сайд нь Сангийн сайдтайгаа ойлголцож барилгын салбартаа эртхэн анхаарах нэн шаардлагатай байна.
Барилгын салбарынхан 2022 оны төсөвт үнэний өсөлтийг тусгасангүй гэж бухимдсандаа хэд хоногийн өмнө жагсаал хүртэл хийгээд амжсан. Хэрвээ барилгын салбар энэ хэвээрээ үргэлжлээд зогсонг байдалд орвол маш олон ажлын байр байхгүй болох эрсдэлтэй. Орон сууцны үнэ өсч, ипотекийн зээл тэр чигтээ асуудалд орно. Мөн олон жил үргэлжилж буй он дамжсан төсөл зогсонг байдалд орсноор нийгэм, эдийн засгийн үр ашиг нь буурч, ач холбогдол нь тэр хэрээрээ багасах болно.
Г.Лхагвадорж