Холимог тулааны дэлхийн ноён оргил болсон UFC холбоонд талын шуурга хочит Данаагийн Батгэрэл албан ёсны дөрөв дэх тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр GCMMA-холбоонд дөрөв дараалан ялалт байгуулан UFC-д эргэн ирж буй Brandon Davis хэмээх тулаанч гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Хоёр тамирчны тулаан манай цагаар үүрийн 04.00 Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод явагдлаа.
Тулааны эхний үеийн хоёр дахь минутанд “Талын Шуурга” хочит Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор газар унаган ялалт байгуулж UFC- холбоонд хийсэн сүүлийн гурван тулаанаа бүгдийг нь эхний үед хүнд цохилтоор дуусгалаа.
Тэрбээр тулааны дараа "Өрсөлдөгч минь миний тулааныг их судалж орж ирсэн байлаа. Өмнөх хоёр тулааныг зүүн гараар цохиж дуусгасан болохоор миний зүүн гарыг их хамгаалж тоглож байсан. Би ч үүнийг мэдэж байсан.Тийм учраас зүүн гараараа анхаарлыг нь сарниулж байгаад баруун гараараа хүчтэй цохиж дуусгалаа.Тактикийн хувьд бүрэн хэрэгжсэн сайхан тулаан боллоо. Бэлтгэл сургуулалт хийхэд тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, Монголын бүх ард түмэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлье" хэмээлээ.
Ц.Идэрбат